Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: 16-17-нд нутгийн төв хэсгээр, 18-19-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 17-ноос 7 дугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн төв хэсгээр өдөртөө хална.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Шударга мэдээ2020/04/03
Зөвшөөрөлгүй архи,согтууруулах ундаа худалдаалж байсныг зогсоолоо
-
Улстөр нийгэм2021/07/27
УИХ-ын дарга Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын...
-
Цаг үе2023/02/13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
-
Улстөр нийгэм2024/06/25
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтг...
