Урлаг спорт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.
“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга харваачдад Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын мэргэн Дамиранбазарын Дэмбэрэлсайханд Монгол Улсын “Даян мэргэн” цол,
- 36 сум онож, 2 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дүгэржавын Баттулгад Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
- 36 сум онож, 3 дугаар байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Пүрэвийн Явуухуланд Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Лхагвасүрэнгийн Одсайханд “Монгол Улсын мэргэн” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн ахлагчдад шагнал гардууллаа.
Урлаг спорт
“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна.
“Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм. “Улаанбаатар кап” тэмцээнээр шигшээ 32 баг шалгарч, урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж, 1400 гаруй тоглолт зохион байгуулаад байна. Мөн өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулсан юм.
Урлаг спорт
Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр хуралдав. Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан.
Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд олгохоор шийдвэрлэлээ.
Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Энхбатын Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.
Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.
Урлаг спорт
Орбитод орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
СХД-ийн 34 дүгээр хороо, Орбитод 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо.
Тус бүтээн байгуулалттай СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцлаа.
СХД-ийн 34 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан усан спорт сургалтын төвийн гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллажээ. Тус төв нь усан бассейн, фитнес, боулинг, болон 62 автомашины зогсоолтой. Усан бассейн нь 220 хүний суудалтай, таван замтай бөгөөд бүх насныхан хичээллэх боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Усан спорт сургалтын төвийн ажил 2022 онд анх эхэлж байсан. Сонгинохайрхан дүүрэг хоёр усан бассейнтай болж байна. СХД хүн амын тоогоор Баянзүрх дүүргийн дараа ордог. Дүүргийн засаг даргын санаачилгаар СХД-ийн хүүхдүүд хоёр бассейн дээрээ ээлжилж ирж, усан спортоор хичээллэх юм. Бид хүүхдүүдийн ирээдүй, эрүүл мэнд, ур чадварт анхаарах ёстой” гэв.





-
Цаг үе2023/08/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2026/02/12
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг...
-
Цаг үе2021/04/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2022/02/17
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
