Улстөр нийгэм
Шадар сайд Ө.Энхтүвшин Орхон аймагт ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Эрдэнэт" үйлдвэрийн том төслүүдийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. "Эрдэнэт" үйлдвэрийн хэмжээнд 2031 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан юм.
Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тухайлбал, "Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл", "Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн 4 дүгээр шугам тавих төсөл", "Цэвэр ус дамжуулах 3 дугаар шугам Ф820 мм ган хоолойг угсрах төсөл" болон "Уурхайчин-1" орон сууцны хороолол барих төсөл, Соёл спортын "Эрдэнэт" цогцолбор зэрэг төслүүд зэрэг эхэлж байгаа юм.

Төслүүдийн талаар үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Уурхайчид бид үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол давуулан биелүүлж , улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг өнгөтэй болгох, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд үр ашиг дээшлүүлэх, шинээр ажлын байр бий болно" гэсэн юм.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь зэс, мооибдений хүдрийн олборлолт, баяуужлалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. Жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4,5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг байна.

Улмаар 2022 оноос жилд 35 сая тонн хүдэр боловсруулдаг болох хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин "Эрдэнэт үйлдвэр хэдий үр өгөөжтэй ашигтай ажиллана, төдий чинээ улс, орон нутгийн төсөвт асар их хэмжээгээр нөлөөлөх тул эдгээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өртөг зардлаа бууруулан дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлнэ гэдэгт итгэж байна. Эрдэнэт үйлдвэрийн баялагийг бүтээгч уурхайчид, баяжуулагчид та бүхний ажил үйлс тэгш сайхан бүтэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд түгээж, уул уурхайн салбараа өнгөлөн байдагт чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээн онцлон тэмдэглэлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Улстөр нийгэм2022/09/15
ЗГ: Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн ТББ-аар гүйцэтгүүлнэ
-
Цаг үе2026/07/01
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруул...
-
Цаг үе2023/01/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Шударга мэдээ2023/02/02
ЗГ: Инновацын төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээгдлээ
