Цаг үе
Дэлхийд нэрээ цуурайтуулах дараагийн хамтлаг “TWELVE O SIX”
13 дугаар зуунд Төв Азийн цээжнээс дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан монголчууд Их хар сүлдээ залан 21 дүгээр зуунд хөгжмийн эгшгээрээ байлдан дагуулж эхлээд байна. Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө ноён оргилд хүрсэн гэдэг нь ташаа байсныг өрнө, дорнын хөгжмийг хослуулсан Монголын “Хү” буюу "The Hu" хамтлаг нотлон харуулсан.
Тэгвэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа “Хү” хамтлагийн араас Монголын “Twelve o Six” хэмээх содон нэртэй хамтлаг саяхан интернет орчинд өөрсдийн “УсГал” хэмээх шинэ уран бүтээлээ цацаж шуугиан тарив. “Twelve o Six” хамтлагийн анхны уран бүтээл болох “УсГал “клип нь олны анхаарлыг татаж байна. Тус хамтлагыг дэмжигчид “Хү хамтлагийн нэгэн адил дэлхийд Монгол улсаа сурталчлах хамтлаг нэгээр нэмэгдлээ” хэмээн итгэж байгаагаа илэрхийлсээр байна.
“Twelve o Six” хамтлаг нь Алтан ураг хамтлагийн ахлагч,хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбатын байгуулсан “Зун продакшн”-ы уран бүтээлчид бөгөөд эдүгээ СУИС-д сурдаг оюутнууд байна. Морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, үндсэний хөгжмийг рок хөгжимтэй хослуулсан тус хамтлагийн уран бүтээлээс “Алтан ураг”, “Хү” хамтлагийн нэгэн адил эрч хүчийг мэдрэх боломжтой.


Цаг үе
Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна
Жил бүрийн 5 дугаар сарын 13-ны өдөр “Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх Дэлхийн өдөр” юм. Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос эхлэн энэ өдрийг “Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод “… тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх” хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байдаг.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байгаа бол байнгын хэвтэрт байгаа 1,700, хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 1,263 хүүхэд байна.
Хүүхдийн хөгжлийн онцлогийг зөв үнэлж, хоцрогдлыг эрт илрүүлэн, цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн цаашдын ХӨГЖИХ, СУРАЛЦАХ ЧАДВАР, НИЙГЭМШИХ БАЙДАЛ, АМЬДРАЛЫН ЧАНАРТ шууд нөлөөлдөг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Харин хоцрогдлыг хожуу илрүүлсэн тохиолдолд сурлагын хоцрогдол, зан үйлийн асуудал, нийгмийн оролцооны саад бэрхшээл нэмэгдэх эрсдэлтэй байна.
ЭРТ ИЛҮҮЛЬЕ, ЭРТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ, ЭРТ ХӨГЖҮҮЛЬЕ
Цаг үе
Гадаадын иргэн, харьяатын газар нарны цахилгаан үүсгүүр ашиглаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар цахилгаан, эрчим хүчний хэрэглээнд зориулсан нарны цахилгаан үүсгүүрийг суурилуулж, дотооддоо эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ.
Тус нарны цахилгаан үүсгүүр нь жилд дунджаар 70.9 мВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Урьдчилсан тооцоогоор энэ нь жилд 20 гаруй сая төгрөгийн бодит хэмнэлт бий болгох эдийн засгийн үр өгөөжтэй.
Ийнхүү байгууллагын цахилгаан хангамжийг төвийн эрчим хүч болон нарны цахилгаан үүсгүүр хосолсон системээр шийдвэрлэсэн нь төсвийн зардлыг бууруулахын зэрэгцээ төрийн байгууллагын үйл ажиллагаанд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи нэвтрүүлж буй чухал алхам болж байна.
Цаг үе
Монгол, Серби улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын танхимын сайд-зөвлөх Елена Предожевич, тус яамны Ази, Номхон далайн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Марич Вречер, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Б.Зоригт нар оролцов.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт эзлэх байр суурь, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулжээ. Мөн Серби улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдсэнийг дурдаад, хамтын ажиллагааны салбар, чиглэлийг тодорхойлох, хоёр улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулах, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.
Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг онцолжээ. Тухайлбал, Монгол Улс Евразийн холбооны чанар, стандартыг хангаж чадвал Серби улс Монголоос мах импортлох боломжтойг дурдсан байна. Харин Серби улс Монгол руу жимс, жимсгэнэ экспортлох боломжийг судалж байгаа аж.
Цаашид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, хамтран ажиллахаар болсон байна.
-
Улстөр нийгэм2019/10/24
Ч.Улаан: Өнөөдрийн байдлаар гоц халварт өвчин гараагүй байна
-
Улстөр нийгэм2022/11/23
Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн аюулгүй байдалд анхаарч ажиллана
-
Улстөр нийгэм2024/11/21
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
-
Улстөр нийгэм2025/11/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хий...
