Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Т.Энхзаяа: Нийгмийн эрүүл мэнд хэчнээн чухал болохыг ойлгуулсан өдрүүд болж байна

Огноо:

,

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ковид-19 цар тахал яг манай хөрш орноос эхлэн гарсан. Гэсэн ч та бүхний хувьд тооцоолол, судалгааны бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газар энэ ажилд маш их хүч, хөдөлмөр зарцуулж байгаа байх?

-Коронавирус /Ковид-19/-ын халдварын дэгдэлт урд нь бүртгэгдэж байгаагүй, өнөөдөр шинэ буюу сэргэн тархаж буй хадварт өвчний тоонд ороод дэлхийн улс орнуудад пандеми цар тахал байдлаар тархаж байна. Манай газар эрүүл мэндийн яаманд нийгмийн эрүүл мэндийн бодлогын арга хэмжээнд голлон анхаарч ажилладаг. Эдгээр өдрүүдэд энэ өвчин, цар тахал нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ хичнээн чухал болохыг ард иргэдэд ойлгууллаа гэж болохоор байна.

БНХАУ-д эхний өвчлөл бүртгэгдэнгүүт  бид олон нийтэд энэ өвчнөөс хамгийн энгийн хамгаалах арга болох амны хаалт зүүх, гараа угаах зөвлөмжүүдийг цаг алдалгүй хүргэсэн. Мөн Засгийн газар салбар яамны санаачилгаар хөл хориог  маш зөв үед шуурхай авсан нь бидний хувьд нийгмийн эрүүл мэндийн хувьд авч буй хамгийн том арга хэмжээ гэж үзэж байна. Үүний үр дүнд Монгол Улсад өнөөдөр хүн амын дунд тархсан тархвар одоогоор алга. Гэхдээ зөөвөрлөгдөж орж ирсэн, бидний хяналтад байгаа өвчтөнүүдээ бүртгээд, тусгаарлаад, эмчлээд явж байна. Энэ бол их амжилт. Дэлхийн улс орнуудад хийгдээгүй том амжилт гэгдээд явж байна. Түүнчлэн Засгийн газар эрүүл мэндийн салбартайгаа маш ойр, зөв чиглүүлэн хамтран ажиллаж, төрийн бүх байгууллага болон иргэд бидний ажлыг дэмжин ийм амжилтанд хүргэж байна.

Бид анх өвчлөл гарснаас хойш маш хурдтайгаар өвчлөлийн тоо баримтуудад тулгуурлан урьдчилсан тооцооллыг хийсэн. Тухайлбал, хэрвээ манай улсад энэ өвчин дэгдвэл ямар байдлаар дэгдэх вэ, хэдэн хүн хөнгөн, хэд нь хүнд өвчлөх вэ гээд урьдчилсан прогноз гаргасан. Үүнийгээ эрдэмтдийн багаараа хэлэлцүүлж, урьдчилан хардаг цахим загварчлалд үндэслэн бэлэн байдлын төлөвлөгөө, хүний нөөц, эмнэлэг, халдваргүйтгэлийн бодис, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бэлтгэх талаар шуурхайлан ажилласан.

-Эмч гэхээр л эмчилгээ үзүүлж байх мэт ойлгодог байсан. Гэтэл эмчилгээ үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн асуудал маш чухлыг иргэд маш сайн ойлголоо гэдгийг та хэллээ. Бусад үед танай газрын хувьд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажилладаг вэ?

-Эрүүл мэндийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эмчилгээ, шинжилгээ оншилгоо, тусламж үйлчилгээгээр тогтохгүй нөгөө талаас хамгийн чухал нь өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ гэж тодорхойлдог. Халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хүний эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлж болох орчны бохирдлоос сэргийлэх, зөв зохистой дадал хэвшлийг төлөвшүүлэх, олон нийтэд хандан, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх замаар заавар зөвлөмжийг  хүргэдэг.

Манай газрын хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр голлон ажилладаг. Тэгэхээр бид өнөөдөр халдварт өвчний үед амны хаалт хэрэглэх, босон суунгаа гараа угаах зэрэг энгийн аргуудаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж болдог юм байна гэдгийг бүх нийтээрээ буюу найман настай балчраас наян настай хөгшид хүртэл ой тойндоо ортол мэддэг болж байна. Энэ л бидний хийж буй ажлын гол ач холбогдол.

Ер нь нийгмийн эрүүл мэндийн асуудал бидэнд хичнээн чухлыг мэдрүүлсэн өдрүүд үргэлжилж байна шүү дээ. Бид Эрүүл ахуйн тухай хуулиа 2015 онд батлуулсан. Хэрэгжүүлэхийн тулд маш их хүчин чармайлт тавьсан. Харамсалтай нь байгууллага, иргэд тодорхой ач холбогдол өгөхгүй, хэнэггүй хандаж байснаас хэрэгжилт нь тааруухан байсан. Харин өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт маш сайн байна. Гудамжинд нус, цэрээ хаях, ил задгай газар бие засах зэрэг үйлдлүүдийг  Зөрчлийн тухай хуулийн дагуу торгохоор болсон нь нэг талдаа Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулсан.

-Тэгвэл давхар амжилттай л яваа юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал хэвшил маш их сайжирсан. Амны хаалт зүүх, гараа угаах зэрэг зөвлөмжийг гаргаж эхэлснээс хойш бусад халдварт өвчин, амьсгалын замын халдварт өвчин 15.2 хувиар буурсан. Ердөө нэг хувийн бууралтын ард маш олон хүний өвчлөл буурсан бодит тоо байдаг. Гэтэл 15.2 хувиар буурч байгаа их амжилт. Мөнтүүнчлэн хадваргүйтгэл хийж сурч байна. Албан байгууллагууд өөртөө тохирсон халдваргүйтгэлийг хийж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төв голомтын ариутгалыг хийж байна /тусгай үүргийн онгоц, автобуснуудыг халдваргүйтгэж байна/. Энэ бүх ариутгал халдваргүйтгэлийг хийхэд манай Нийгмийн эрүүл мэндийн газраас тусгайлсан зөвлөмж заавраар ханган ажиллаж байна. Банкныханд мөнгөн дэвсгэртүүдийг хэрхэн яаж ариутгаж, халдваргүйжүүлэх, за мөн хилээр нүүрс тээвэрлэж буй жолооч нарт хүртэл тусгайлсан зөвлөмж өгч байна. Цаашилбал, цэргийн анги нэгтгэл хэрхэн ажиллах, хорих ангиудад ч энэ бүхэн өөр өөр горимоор хийгддэг. Эдгээр бүх зөвлөмжийг манай газраас хүргэн ажиллаж байна. Энэ бол халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тухайд авч хэрэгжүүлж буй ажил шүү.

-Төр, Засгийн газрын олон байгууллага хамтран ажиллаж байна гэдгийг та яриандаа хэлсэн. Тэдгээрийн хийх алхам, хэрэгжүүлэх үйлдлийг танай Нийгмийн эрүүл мэндийн газрын хамт олон хамгийн түрүүнд судалж, тооцоолж нийтэд хүргэхэд бэлтгэж байгаа байх. Ингэхэд бүрэлдэхүүний хувьд хэдүүлээ вэ. Ачааллын хувьд багагүй байгаа байх?

-Манай газар 13 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний маань тав нь Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтэст ажиллаж байна. Энэ хэлтэс маань өдөр бүр 11:00 цагт коронавирусын талаарх цаг үеийн шуурхай мэдээллийг өгч байгааг одоо олон нийт мэддэг болсон. Дэлхий нийтэд цар тахал ямар байна, тоо, судалгаа хэрхэн өөрчлөгдөж байна, хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ зэргийг судалж ард иргэдэд цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.

Манай газрын хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдгийг түрүүнд хэлсэн. Өөрөөр хэлбэл, осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ, хоол тэжээлээ яаж зөв зохистой хэрэглэх вэ, ямар хоол тэжээлийг түлхүү авах, нөхөн үржихүйн тал дээр юу анхаарах вэ, бэлгийн замын халдвар болон сүрьеэгээс хэрхэн сэргийлэх вэ зэрэг бүхий л халдвараас сэрийлэхийн тулд ажилладаг. Манай газрын бас нэг чиг үүрэг нь судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан бодлогын арга хэмжээ авах. Тэгэхээр энэ бүх нийгмийн эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгээр бид судалгаа шинжилгээ, эрсдлийн үнэлгээнд суурилж, бодлогын арга хэмжээ гаргах тал дээр ажилладаг.

-Дэлхий дахинд гарч байгаа өвчлөлийн мэдээн дээр суурилан эрсдэлийн үнэлгээг хийдэг гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Урьдчилан сэргийлэхийн тулд эрсдэлийг тооцох ёстой. Бид  коронавирусын халдвараас сэргийлэх ажлаа эрсдэлийн үнэлгээнд суурилан хийж байна. БНХАУ-д анх өвчлөл бүртгэгдсэн цагаас хойш 6 удаа эрсдэлийн үнэлгээг хийсэн. Өмнө нь зөөвөрлөгдөн орж ирэх магадлалын эрсдэлийн үнэлгээг хийсэн бол сүүлийн хоёр үнэлгээг  Монгол улсад дээрх өвчин тархах эрсдэлийг судалсан. Энэ үнэлгээг хийхдээ Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, МХЕГ гээд бүхий л тусгай чиглэлийн байгууллагатай хамтран ажилладаг. Үнэлгээнд суурилж авах арга хэмжээг төлөвлөж, хийж хэрэгжүүлдэг гэсэн үг. Олон нийт Улсын онцгой комисс, ХӨСҮТ-ийн шуурхай штаб зэргийг мэддэг боллоо шүү дээ. Эд нар маань яг л эрсдэлийн үнэлгээнд суурилсан үйл ажиллагаагаа төлөвлөөд явж байдаг.

-Эрсдэлийн үнэлгээ хийхэд тухайн улс орны цаг агаарын нөхцөл байдал, иргэдийн бие физилогийн онцлог нөлөөлж байна уу?

-Өвчлөл өөр оронд бүртгэгдээд эхэлмэгц Эрүүл мэндийн яамны дэргэд Тархвар судлалын 12 эрдэмтнээс бүрдсэн баг байгуулсан. Энэ багт Академич П.Нямдаваа тэргүүтэй эрдэмтэн мэргэд ажиллаж байгаа. Манай газраас гарч буй бүх бодлогын бүх арга хэмжээнд зөвлөмжөө өгөөд явж байна. Саяхан дээрх эрдэмтдийн баг гурав хоногийн өмнө хуралдаж, монгол хүний биед энэ вирусын нөлөө ямар байна, ямар нөлөөлөл үзүүлэхээр байна гэх зэргийг судлах судалгааны ажил шаардлагатайг хэлэлцсэн. Үүнийг Эрүүл мэндийн сайдад уламжилснаар судалгааны ажлын эхний санхүүжилтийг Шинжлэх ухаан технологийн сангаас шийдвэрлэх талаар хэлсэн. Ингэснээр монгол хүний генетикт суурилсан судалгааны ажил эхэлнэ гэсэн үг. Эрүүл мэндийн сайд маань эрдэмтэн мэргэдийн үгийг маш сайн сонсоно, шийдэмгий, онцгой мэдрэмжтэйгээр энэ бүх ажлыг удирдан хийж байна.

-Бусад оронтой харьцуулахад орлого багатай орон ч гэсэн аюулыг бол сөрөөд даваад байгаа нь эрүүл мэндийн салбарынхны чадварыг харуулж байгаа байх?

-Коронавиусын шинэ, сэргэн тархаж байгаа энэ өвчин олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг өвчин юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гишүүн орнууддаа Олон улсын дүрмээр зохицуулагддаг өвчнөөс сэргийлэх шуурхай удирдлагын тогтолцоогоор ажиллахыг зөвлөмж болгодог. Тэр нь манайхны яриад байгаа Тохиолдлын удирдлагын тогтолцоонд орж ажиллахыг ярьж байгаа юм. Манай улсад  ЭМЯ-ны хувьд манай газрын Олон нийттэй харьцах тандалт шуурхай удирдлагын хэлтэс энэ чиг үүргийн дагуу ажиллаж байна. Дэлхийн бусад оронд Халдварт өвчнийг хянах тогтолцоо буюу СиДиСи/CDC/-ийн тогтолцоо гэж бий. Энэ тогтолцоо нь АНУ, БНХАУ зэрэг дэлхийн хөгжингүй маш олон оронд нарийн зохион байгуулалттай байдаг төдийгүй анагаахын мэргэжлийн бөгөөд цэргийн цолтой генерал хүн удирддаг юм билээ. Манай улсад энэ удаа Эрүүл мэндийн сайд маань энэ ажлыг гартаа авч, ажлаа маш сайн зохион байгуулсны үр дүнд хөгжингүй орны CDC шиг л зохион байгуулалтад орж ажиллаж байна. Үндсэндээ манай яам CDC-гийн зохион байгуулалтад шуурхай шилжсэн. Эндээс харж байхад цаашдаа CDC шиг хадварт өвчнөөс сэргийлэхэд яаралтайгаар цэргийн зохион байгуулалтад шуурхай шилжих, бэлэн байдлаа хангаж ажиллах байгууллага шаардлагатай гэдэг нь ч харагдаж байна. Товчхондоо аливаа олон нийтийг хамарсан халдварт өвчний үед хариу арга хэмжээг зохион байгуулдаг, тандалт судалгаа хийх чадвартай, эрүүл ахуйн норм журмыг сахиулдаг цэргийн зохион байгуулалтад шуурхай шилжих зохион байгуулалт бүхий байгууллагатай болох шаардлага аль хэдийн үүсчээ.

-Энэ чухал байгууллага хүссэн хүсээгүй гарч ирж ажиллаж байна. Бусад улсад шууд цэргийн зохион байгуулалтад орж ажилладаг гэж байна. Гэтэл манайд бол эрүүл мэндийн салбарынхан маань эмчийн тангараг өргөсөн учраас ажлын ачааллыг үл тоон ажиллаж байна гэж харж болох уу?

-Манайд Шадар сайдын тушаалаар ХӨСҮТ дээр шуурхай баг байгуулагдчихсан. Эрүүл мэндийн яаман дээр маань Тохиолдлын удирдлагын тогтолцоог шуурхай удирдлагаар зохицуулан ажиллах баг гарчихсан ажиллаж байгаа. Хэдийгээр манайд CDC шиг байгууллага байхгүй байгаа ч зохион байгуулалтад орсон баг, штабууд маань хөгжингүй орнуудын CDC шиг л ажиллаж байгаа. Үндсэндээ халдварт өвчнийг хянах төв шиг өргөн зохион байгуулалтад орсон. Тиймдээ ч хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээг шуурхай авсны үндсэн дээр бид бүх бэлтгэл ажлаа хангаж чадсан. Хүний нөөцийн хувьд ч зохион байгуулалтаа хийчихсэн. Тухайлбал эмч нараа хэн нь хаана хэдэн цагаар ажиллах вэ гэдэг жагсаалтаа ч гаргачихсан байгаа.

-Гэхдээ ХӨСҮТ-д олон хоног хариагүй эмч, сувилагч нар бий гэсэн шүү дээ?

-Вирусын халдвар одоогоор зөвхөн зөөвөрлөгдөж орж ирсэн учраас эмч нар маань ээлжгүйгээр эмчилгээ хийж байгаа. Халдвар, хамгаалалт, сэргийлэлтийн асуудалтай холбоотойгоор тусгаарлалтад орж ажиллах, эмч нарыг зохицуулалт хийж ажиллаж байна. Тэгэхээр бид ч, ХӨСҮТ ч халдварт өвчин хүн амын дунд бүртгэгдээд эхэлбэл эмч нарын ажиллах зохион байгуулалтаа хийж байгаа гэсэн үг. Хүний нөөцийн бэлэн байдлаа ханган ажиллахад эмч, сувилагч нарынхаа нэрсийг гаргаж, ээлж дараалал хуваарийг нь ч эмнэлэг бүр гаргачихсан байгаа.

-Өмнө нь холер зэрэг халдварт өвчний үед өнөөгийнх шиг тодорхой хэмжээгээр хөл хорио тогтоон ажиллаж байсан. Тухайн үед мөн л хорионоос гарч зугтаж байна, эсэргүүцлээ илэрхийлж байна гэх асуудал үүсч байсан. Тухайн үеийн иргэдийн нийгмийн сэтгэлзүйн байдал, хандлага өнөөгийнхтэй харьцуулахад өөрчлөлт байна уу?

-Иргэдийн хандлага маш их өөрчлөгдсөн. Бид хамтдаа тэмцэж, энэ аюулт өвчнөөс сэргийлж чадна гэдэг мессежүүдийг гар утаснуудаар иргэд хүргэж байгааг хүн бүр анзаарсан байх. Эдгээрийг маш сайн биелүүлж, өөрсдийгөө хамгаалж байна. Ард иргэд маань ихэнх нь маш хариуцлагатай, өөрсдийгөө тусгаарлах ёстой гэдгийг ухамсарлаж байна. Бүх заавар, зөвөлгөөг мөрдөн ажиллаж байна. Ихэнх иргэн ойлголттой болчихсон байна. Иргэддээ энэ дашрамд талархал илэрхийлмээр байна. Та бүхэн маань бидний ажлыг маш сайн дэмжиж байна гэсэн үг шүү. Түгээмэл бус цөөн тохиолдолд асуудал үүсгэсэн байх. Гэвч нийт иргэдийн ихэнх хувь нь аливаа асуудал үүсгэлгүй эрүүл мэндийн салбартайгаа хамтран, дэмжин ажиллаж байгаа.

-Өдөр бүр ЭМЯ-наас 11:00 цаг үеийн мэдээлэл өгч байгаа. Үзэгч, сонсогч, уншигч бүхэн мэдээлэл өгч байгаа хүмүүсийг бараг таньдаг болчихсон. Харахад хуруу дарам цөөн хүн байгаа боловч ард нь маш том баг ажиллаж байгаа байх?

-Халдварт өвчний эрсдэл гарсан үед мэдээлэл холбоо харилцааны эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа холбоо гэдэг заавар, журмын дагуу иргэдэд өгөх мессежийг нэг л сувгаар өгөх учиртай. Манайхаас гэхэд яг энэ ажлыг олон нийтэд Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтэс өгч байгаа. Уншигчид таньдаг болсон байх Нарангэрэл даргыг. Түүний өгч буй мэдээллийг бэлтгэхийн тулд ард нь төлөвлөлтийн баг, шуурхай арга хэмжээний баг, эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа холбооны баг, нөөцийн баг гээд маш олон хүн ажилладаг.

Вирусын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ мэдээлэл, зөвлөмжийг өнөөдөр, маргааш өгнө гэхчилэн төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн салбар бүхэлдээ ажиллаж байгаа. Энэ бүх үйл ажиллагаа өдөр тутамд иргэдэд хүрч буй 11:00 цагийн мэдээллээр хязгаарлагдахгүйгээр ард нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Онцгой байдал, хил, хяналт, цагдаа, тагнуулын байгууллагууд бүгд хамтран ажиллаж байгаа.

Дээр хэлсэнчлэн олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчин гэдэг яг өнөөгийн цаг үе. Товчхондоо коронавирусын үед ажиллах тохиолдлын удирдлагын тогтолцоо юм. ХӨСҮТ-д штаб байгуулагдан ажиллаж байгаа. Энэ штаб илэрч буй тохиолдлуудын халдварлах эрсдэлийн судалгааг хийдэг. Нэг хүний ард олон хавьтал байдаг. Манайхан их сайн мэддэг болсон нь франц улсын иргэний явсан маршрутыг гаргасан шүүдээ, ойрын уулзсан иргэдийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан. Хэн, хаагуур, юу хийж, хэнтэй уулзсан бэ гэдэг зураглалыг гаргаж, хавьтлуудыг нь илрүүлж, шинжилгээ хийдэг. Үндсэндээ цар тахлыг “цурманд” оруулж байгаа юм. Тэр штабд зөвхөн тархвар судлаачдаас гадна Онцгой байдлын албаныхан, мэргэжлийн хяналтынхан, гааль, цагдаа, тагнуулынхан гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. 40 гаруй хүнтэй баг олны нүдэнд харагдахгүй байгаа ч тэрхүү чухал ажлыг хийж, цаг, өдрөөр төлөвлөгөөгөө гарган ажиллаж байгаа.

Энэ тохиолдлын удирдлагын тогтолцоонд эрүүл мэндийн салбар хэрхэн шуурхай ажиллах талаар АХБ-ны дэмжлэгтэй төсөл хэрэгжүүлж байна. Мөн ДЭМБ-ын дэмжлэгтэй, олон улсын эрүүл мэндийн дүрмээр ажиллаж байгаа.

-Манай улсад, дотоодод халдвар тархчихаагүй учраас манайханд бэлэн байдлаа хангах их том боломж өгсөн гэсэн?

-Бид БНХАУ-ын сургамжид үндэслэн ажлаа төлөвлөн ажиллаж байгаа. Бидэнтэй маш ойр хил залгаа газруудад халдвар бүртгэгдсэн. Эдгээр нь бидэнд сургамж болж байгаа. Засгийн газар яаралтай арга хэмжээ авснаар бид ч цаг хожиж, төлөвлөлтөө хийж, бүх нөөцөө бэлтгэсэн. Энэ их том боломж. Бид дэлхийн бусад орны сургамжид тулгуурлан ажиллах боломж ч гарч байна.Өдөр бүр ДЭМБ-аас эрүүл мэндийн салбарынханд зориулсан сургалт зохион байгууллагддаг. Ямар зөвлөмж өгөх, халдваргүйтгэл, ариун цэврийн нөхцөл ямар байх вэ зэргээр хичээл, сургалтуудыг зохион байгуулж, цахимаар бүртгүүлээд хичээлдээ оролцож байгаа. Мөн АНУ, Итали, ОХУ ямар хүнд байдалд орж байна. Тэдгээрийг бид харж байгаа нь сургамж болж байна. Герман, Япон, БНСУ зэрэг орон халдвар, хамгаалалтыг хэрхэн хийж, шинжилгээ, оношлогоо, эмчилгээ үйлчилгээг ямар сайн үзүүлж байна гэдгийг ч харж анхаарч байна. Тиймдээ ч эрсдэлийн үнэлгээг хийж, хариу арга хэмжээний төлөвлөлт гаргасан. Тухайлбал, хоорондоо хамааралгүй буюу алаг цоог халдвар гарсан нөхцөлд хэрхэн ажиллах вэ, өвчлөл голомтон гарвал хэрхэн ажиллах вэ, нийт хүн амд өвчлөл гарсан тохиолдолд хэрхэн хадварыг хумих вэ гэдгээ бүгдийг нь төлөвлөөд байна.

-Коронавирусын халдвар, тархалт эрүүл мэндийн салбарын хөгжлийг давхар шалгаж байна. Манайх ч нөөцөө бэлтгэсэн талаар та сая хэлсэн. Энгийн үед эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, эм бэлдмэлийн хувьд хомсдолтой гэх гомдлоос тасардаггүй байсан даа?

-Ер нь эрүүл мэндийн салбарыг Засгийн газар сүүлийн хэдэн жил байгаагүйгээр дэмжсэн. Хүний нөөц, эмч мэргэжилтний цалин хөлс, нийгмийн асуудлыг маш сайн дэмжсэн. Эмнэлгийн тусламжийн тал дээр хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, амьсгалын аппаратын хангамж, бүх зүйл үнэхээр сайжирсан. Засгийн газар маш ихээр дэмжиж байгаа.

Энэ салбарыг дэмжиж байна гэдэг нь өөрөө монгол хүний эрүүл мэндийн төлөөх ажил. Хүн эрүүл байж л баялаг бүтээнэ шүү дээ. Олон улсын зээл тусламжийг эрүүл мэндийн салбарт хандуулж байна, эрүүл мэндийн санхүүжилтийг маш эрчимтэй нэмэгдүүлж байна. Энэ бүгд төр засаг эрүүл мэндийн салбарт анхаарлаа ихээхэн хандуулж буйн тод илрэл юм. Бидний ажлыг уншигчдад хүргэж байгаа танай сонины хамт олонд талархлаа илэрхийлье.

Эх сурвалж: Erennews.mn

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Огноо:

,

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.

Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм55 минутын өмнө

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ1 цаг 4 минут

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе1 цаг 7 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе1 цаг 16 минут

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ1 цаг 35 минут

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм1 цаг 43 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе3 цаг 34 минут

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм3 цаг 38 минут

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох