Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Эрхэмбаяр: ЭХЗХ үнэ тариф нэмдэг биш харин эрчим хүчийг илүү хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажилладаг байгууллага

Огноо:

,

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2019  онд хийсэн ажлын тайлан, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны дүнг нэгтгэн, Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хүргээд байна. Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар бид Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хэрэглээ өнгөрсөн онд ямар байсан бэ гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

- Монгол Улсын дулааны цахилгаан станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2019 онд 6.3 тэрбум кВт.ц, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн цахилгаан  эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 654 сая кВт.ц, дотоодын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 7.0 тэрбум кВт.ц болж 2018 оны гүйцэтгэлээс 5.4 хувиар нэмэгдсэн байна. Өмнөх онд ОХУ-аас худалдаж авсан цахилгаан эрчим хүчний хэмжээ 43.6 сая кВт.ц-аар буурч, 372 сая кВт.ц болсон. Оюутолгойн уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-аас импортолж байгаа цахилгааны хэмжээ өсч, 1343.5 сая кВт.ц болсон. Улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 410.7 сая кВт.ц-аар буюу 4.9 хувиар нэмэгдэж 8.7 тэрбум кВт.ц-т хүрлээ. Мөн дулааны хэрэглээ өмнөх оноос 421.4 мян.Гкал буюу 4.3 хувиар нэмэгдэж 10.3 сая Гкал болсон байна.

 -Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч байгаа юм байна. Өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хэр өссөн бэ?

- Өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 35 МВт-аар, “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нийт 43 МВт-аар тус тус нэмэгдүүлсэн, 55 МВт‑ын хүчин чадалтай Сайншандын салхин цахилгаан станц болон Сүмбэр, Бөхөгийн нарны цахилгаан станцууд шинээр ашиглалтад орж нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлыг 158 МВт-аар нэмэгдүүллээ. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудын зардлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, сонирхлыг бий болгох зорилгоор “Урамшуулалт зохицуулалт”-ыг Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд импортын цахилгааны хэмжээ буурч,  дотоодын үйлдвэрлэлийг 109 сая кВт.ц-аар нэмэгдүүлж, зөвхөн 2019 онд гэхэд л  11 тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгож чадсан. Эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд болох нүүрсний  нэгжид ноогдох зарцуулалтыг бууруулах арга хэмжээг авч ажилласны үр дүнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 7 дулааны цахилгаан станц өнгөрсөн онтой харьцуулахад 53.0 мянган тонн нүүрс бага зарцуулсан байна. Мөн цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулж ажилласан.

-Эрчим хүчний салбар улсын төсөвт багагүй хэмжээний татвар, шимтгэл төлдөг салбар. Өнгөрсөн оны хувьд хичнээн хэмжээний татвар шимтгэл төлсөн бэ? Ер нь улсаас татаас авч байгаа юу?

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, шимтгэлийн дүн жил ирэх тусам өсч байгаа. Салбарын дүнгээр 2018 онд улсын төсөвт 289.1 тэрбум төгрөг төлж байсан бол 2019 онд 335.0 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тодорхой ажлууд, бодит хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Улсын төсвөөс авдаг татаас буурсан. Харин баруун таван аймгийн хэрэглэгчдийн эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө доогуур байгаа тул бага хэмжээний татаас авч байгаа.

- Өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчний тасалдал хэр их гарсан бэ?Үүнийг танай байгууллагаас хянадаг  уу?

- Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тасалдлыг олон улсын хэмжээнд мөрддөг индексүүдийг ашиглан тооцож, улирал бүр судалгаа гаргаж байгаа. Улсын хэмжээнд 2019 онд нэг хэрэглэгчид ноогдох тасалдлын дундаж хугацаа өмнөх оноос 8 цагаар, тасалдлын давтамж өмнөх оноос 60 орчим хувиар буурсан.

-Эрчим хүчний тухай ярихаар яалт ч үгүй эрчим хүчний үнэ тарифын талаарх асуудал хөндөгддөг. Өнөөдөр эрчим хүчний үнэ үйлдвэрлэж, нийлүүлж байгаа бодит өртөгтөө хүрч чадсан уу?

-Эрчим хүчний үнэ тарифыг аль болох тогтвортой байлгах бодлогыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баримталж байгаа. Ялангуяа айл өрхүүдэд борлуулж байгаа эрчим хүчний үнэ хямд, эрчим хүч үйлдвэрлэж байгаа бодит зардалдаа хүрдэггүй.  Монгол Улсын эрчим хүчний хангамж нь Төв, Зүүн, Баруун, Алтай-Улиастай гэсэн дөрвөн бүс нутгийн системээс бүрддэг.  Тухайлбал, Улаанбаатар хот болон Төв, Зүүн, Өмнөд бүсийн энгийн тоолууртай айл өрхүүд 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 31.хувиар доогуур үнээр, 151кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 14.2 хувиар доогуур үнээр худалдан авч байна. Харин хоёр тарифт тоолууртай айл өрхүүд өглөөний 06 цагаас оройн 21 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 25.5 хувиар доогуур үнээр, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 57.7 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл айл өрхүүд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 14-58 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч хэрэглэдэг. Энэ хөнгөлөлтөд 660 гаруй мянган өрх хамрагдаж, нэг өрх сард дунджаар 6400 төгрөг, жилд 76 800 төгрөгийн бодит хөнгөлөлт эдэлж байгаа. Зөвхөн 2019 онд гэхэд 660 гаруй мянган өрхөд нийтдээ 79.0 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд халаалтын улиралд Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын иргэдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувь хөнгөлж, нийт дүнгээр 12.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

-Эрчим хүчний үнэ бодит өртөгтөө хүрдэггүй хямд байгаа гэж танай салбарынхан ярьдаг. Гэтэл хэрэглэгчид байнга л үнэ өндөр байна гэсэн гомдол мэдүүлдэг шүү дээ?

-Би маш энгийнээр тайлбарлая. Хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгааны үнэд ямар өртөг зардлууд багтаж байгаа вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Үүнд уурхайн хөрс хуулж нүүрс ухаж гаргах, ачих, дулааны станц хүртэл тээвэрлэх, нүүрсээ шатааж эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн цахилгаанаа дамжуулах, хэрэглэгчдэд түгээх зардал, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 16 мянга гаруй ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, бүхий л татвар шимтгэл багтаж байдаг. Хэдийгээр бодит өртөгтөө хүрэхгүй байгаа ч эрчим хүчний үнийг тогтвортой байлгах бодлогыг манай байгууллага баримталж байна.

-Гэвч хэрэглэгчдийн дунд Эрчим хүчний зохицуулах хороо л нэмээд байна гэсэн ойлголт түгээмэл байдаг л даа.

- Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах  үүргийг хүлээж байдаг. Мөн энэ хуулийн дагуу эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үнэ тарифыг  үйл ажиллагааны зардал бодит өртөгтэй нь уялдуулан хянаж баталдаг. Эрчим хүчний үнэ тарифт нөлөөлдөг олон зүйл бий. Тухайлбал, жилээс жилд валютын ханш өсч, үүнийг дагаад  шатах, тослох материал, сэлбэг хэрэгслийн  үнэ нэмэгдэж байна. Нүүрсний тээврийн үнэ өссөн, хэрэглээний  усны үнэ, татвар шимтгэлийн хувь хэмжээ өссөн. Энэ бүх үнийн өсөлт эрчим хүч үйлдвэрлэх бодит зардлыг өсгөж байгаа. Нүүрсний уурхай, эрчим хүчний үйлдвэр компаниудаас үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг манай Хороонд байнга ирүүлдэг.Зөвхөн өнгөрсөн 2019 онд л гэхэд  нүүрсний уурхайнуудаас 42.9 тэрбум, цахилгаан станцуудаас 65.3 тэрбум, бусад компаниудаас 39 тэрбум, нийтдээ 147.2 тэрбум төгрөгөөр  үнэ тарифаа нэмэгдүүлэх санал ирсэн. Үйл ажиллагаа нь доголдож болзошгүй,зайлшгүй авч үзэх шаардлагатай саналыг хянаж, хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцүүлж, 2.5 дахин бууруулсан.   Мөн шаардлага хангаагүй, үндэслэл нотолгоогүй саналуудыг хүлээж авдаггүй. Товчхон хэлэхэд Эрчим хүчний зохицуулах хороо бол үнэ тариф нэмдэг биш харин  эрчим хүчийг илүү хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажилладаг байгууллага.

-Та сая Эрчим хүчний зохицуулах хороо бол хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж хэллээ. Танай хорооноос хэрэглэгчид хандсан өөр ямар ажлууд зохион байгуулдаг вэ?

-Эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон хэрэглэгч хооронд үүссэн маргаантай асуудлыг хянаж шийдвэрлэдэг. 2019 оны байдлаар 1771 хэрэглэгчийг хамарсан 235 өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хэрэглэгчид болон компаниуд хооронд үүссэн 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийн тооцооллыг шалгаж маргааныг шийдвэрлэж, хэрэглэгчдэд 246.8 сая төгрөгийн төлбөрийн буцаалт хийлгэж ажиллаа. Өмнөх жилүүдэд цахилгаан, дулаанаар хэрэглэгчдийг хангах борлуулалтын үйл ажиллагааг ямар нэг зөвшөөрөлгүй хувь хүн болон аж ахуйн нэгжүүд эрхэлж, өөрсдөө дур мэдэн үнэ тариф тогтоодог, хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарладаг, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчин, үндэслэлгүй төлбөр хураамж шаардаж  иргэдийг хохироож байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос бусад холбогдох байгууллагуудтай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 500 гаруй аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож  140 000 гаруй хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж ажилласан.

-Сэргээгдэх эрчим хүчний үнэ гэж аваад байна. Би сэргээгдэх эрчим хүч хэрэглээгүй гэж гомдол гаргадаг хүмүүс мэр сэр бий. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн 2019 онд эрчим хүчний системд цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй  10 сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн. Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан  хүчин чадлын 18 орчим хувийг сэргээгдэх эх үүсгүүрүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл таны хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна гэсэн үг.

 Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг анх 2007 онд УИХ-аар батлахдаа сэргээгдэх эрчим хүчний үнийг хуульчлан, нарийн тогтоож өгсөн. Жишээлбэл, салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллароор худалдаж авна гэх мэтээр тогтоосон заалт бий. УИХ-аас 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Хуулийн дагуу 2015 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг нэвтрүүлсэн. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Дэмжих тариф гэдэг хэн нэгнийг дэмжээд, ивээн тэтгээд өгөөд байгаа мөнгө биш. Нар, салхи, усны эх үүсгүүрээр үйлдвэрлэгдэн, нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний төлбөр юм.

-Өнгөрсөн онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнийг өөрчилснөөр эрчим хүчний үнэ тарифт ямар нөлөөлөл үзүүлэх вэ?

-УИХ-аас 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, баталснаар сэргээгдэх эрчим хүчний үнийг өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлж, нэгдсэн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, цахилгааны үнэ тарифын огцом өсөлтийг хязгаарлах боломж бүрдсэн.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Өдрийн сонин 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох