Улстөр нийгэм
БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат найман хуулийн төсөл өргөн барив

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.07) өргөн барилаа.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрснээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох салбарын сайд, дарга нарт даалгасан. Энэ үндсэн дээр Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаа.
Одоогийн байдлаар тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлээ өргөтгөн өдөрт 3500 тонн хүртэл сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Харин Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний 1 тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоожээ. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгаа учраас сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Мэн тэрбээр Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан хоёр хуулийн төслөө өргөн мэдүүлсэн юм. Байгалийн баялгийг хууль бусаар олборлож, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас газрын эвдрэл ихэсч, орон нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдөх болсон ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин дутмаг, таслан зогсоох, хариуцлага тооцох хяналт хангалтгүй байна.
Иймээс хууль бусаар ашигт малтмал олборлогч буюу бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагааг цэгцлэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээхтэй холбоотой асуудлыг чанартай хийлгэх, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага ногдуулах үндэслэлийг бүрдүүлэх, ял шийтгэлийг чангаруулах үүднээс Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журам баталж хэрэгжүүлснээр бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн боломжтой болжээ.
Харин шинээр боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн тусгасны зэрэгцээ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна” гэсэн зохицуулалт нэмэхээр тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт аливаа хэлбэрийн хүндрэл үүсэхгүй юм байна.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Гишүүний санаачлан боловсруулсан уг хуулийн төсөл нь Улсын тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх авсан ч амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж олноор барьж, дархан цаазат газрын байгалийн унаган төрх, төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчиж байгааг таслан зогсоох, улмаар нутаг дэвсгэрийн нягтрал, хүн амын төвлөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, эвдэгдсэн, унаган төрхөө алдсан байгалийг нөхөн сэргээхэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгджээ.
Энэ үндсэн дээр Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас нь үл хамааран иргэнээс 1 ам метр талбайгаас 1000 төгрөг, хуулийн этгээдээс 1 ам метр талбайгаас 3000 төгрөгөөр тооцож Үл хөдлөх хөрөнгийн албан татвар авах зохицуулалтыг хуульд нэмэлтээр оруулахаар тусгажээ.
Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, хүн амын амьжиргааны 80 гаруй хувь нь цаг уурын нөхцөл байдлаас хамааралтай Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тэргүүлэх зэрэгт тооцогддог бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (НҮБУАӨСК)-ийг 1993 онд, түүнийг хэрэгжүүлэх Киотогийн протоколыг 1999 онд, Парисын хэлэлцээрийг 2018 онд тус тус соёрхон баталсан.
Монгол Улс олон улсын дээрх конвенц, хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд олон талын болон хоёр талын механизмуудын хүрээнд бодитой дэмжлэг авч, идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүнд чухал дэмжлэг үзүүлж байгаа олон улсын санхүүгийн механизм нь 2010 оны НҮБУАӨСК-ийн талуудын 16 дугаар бага хурлаар 194 гишүүн орны нэгдсэн шийдвэрийн хүрээнд батлагдсан Уур амьсгалын ногоон сан (УАНС) юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд олон улсын түвшинд хүлээсэн үүрэг болон үндэсний түвшинд тодорхойлсон тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус сангийн дэмжлэг чухал ач холбогдолтой гэж үзэн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах асуудлыг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулаад байна.
Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж байгаатай холбогдуулан монгол иргэд олноор зорчдог улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч ажиллаж байна.
Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор зорчдог АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг улсууд багтдаг.
Тус конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байна.
Иймд энэхүү конвенцийн гишүүн улсуудтай гадаадад хорих ял эдэлж буй иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Монгол Улс нэгдэн орох нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.
“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад монголчуудын зорчих хөдөлгөөн нэмэгдэж, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон, түүнчлэн холбогдож болзошгүй зарим улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээр байгуулах бодлогын хүрээнд тус улстай “ялтан шилжүүлэх”, “гэмт этгээд шилжүүлэх” тухай гэрээг байгуулан ажиллаж байна.
Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэн, бэхжүүлэх боломж бүрддэг тул “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г байгуулахаар 2017 оноос ажиллаж, дотоодын холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн, улмаар Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцсоны үр дүнд гэрээний төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд үзэглэж, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.
Гэрээний төсөл нь 22 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичгийг хүргүүлэх, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломжтой болох аж.
“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Манай улс БНХАУ-ын Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүд байгуулан ажиллаж байгаа нь монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсонтой холбоотой юм.
2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үзэглэсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т 2019 оны 6 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан бөгөөд соёрхон батлуулахаар өргөн барьсан энэхүү хэлэлцээр нь 21 зүйлтэй, эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг зохицуулсан бөгөөд зардал, эрх зүйн туслалцааны хүсэлтийн агуулга, харилцах төв байгууллагууд, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг тусгажээ.
Мөн уг хэлэлцээрээр хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр талын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой болох төдийгүй хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх аж.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хуулийн төслийн танилцуулгад аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх болон нийтийн байрны үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгох хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа талаар онцолжээ.
Нэгэнт хэрэгцээ, шаардлага үүссэн учир худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар, нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг Орон сууцны тухай хуулиар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах эрхийг олгосон зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ыг 2019 онд баталжээ. Гэвч худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулсан салбарын хууль байхгүй байхад “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталсан, батлах эрхийг нь холбогдох хуулиар олгоогүй байхад “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ыг баталсан нь эрх зүйн зөрчил үүсгээд байгаа юм байна
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн очоод байна. Өнөөдөр түүнийг албан ёсоор угтан авах ёслол болно.
Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна.