Улстөр нийгэм
Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн удирдлагатай уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан стандартчилал болон Кодексийн үйл ажиллагааны хүрээнд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцолж, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, олон улсын Кодексийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, шинэ түвшинд хүргэх боломжтойг тэмдэглэв.
Энэ үеэр хоёр тал хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан олон улсын стандарт боловсруулах, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, Кодексийн чиглэлээр бодит үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Улстөр нийгэм
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д /2026.11.12/ ажиллав.
Тус компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтай 3.3 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний есөн сард 32.1 сая тн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс борлуулалтын хэмжээ 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар цэвэр ашиг нь 1.5 их наяд төгрөг, борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Жилийн цэвэр ашгийн төлөвлөгөөгөө энэ оны эхний есөн сард 50 хувь давуулан биелүүлжээ. Мөн улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Манай хамт олон Засгийн газрын бодлогыг бүрэн биелүүлж, нээлттэй хувьцаат компани болох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын санхүүгийн "BDO" аудитын тайлан эцэслэгдэж, өөрчлөлтгүй дүгнэлт гарсан. Одоо хөрөнгийн үнэлгээ, андеррайтерийн сонгон шалгаруулалт хийгдэж байна. 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлж, төр, хувьцаа эзэмшигчдэд хүртээх өгөөжийг өсгөнө” гэв.
Ерөнхий сайд уурхайчидтай уулзах үеэрээ улсын төсөв болон Үндэсний баялгийн санд ногдол ашиг, хуримтлал, орлого бүрдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, ачааны хүндийг үүрч байгаа уурхайчид Та бүхэндээ суурь тэтгэвэр авч эхэлсэн ахмад настнууд, цалин нь 50 хувиар нэмэгдсэн төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Иргэддээ дарамт үүсгэх биш, төсөвтөө ачаалал авч хүнд цагийг давахад уурхайчид хамгийн том хувь нэмэр орууллаа гэдгийг онцлов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудитаар зөрчилгүй гарч, өнөөдөр тайлангаа гардан авлаа. Цаашид Хөрөнгийн үнэлгээний аудит хийгдэнэ. Одоо өсөлтөө өгөөж болгох үнэ цэнтэй, онцгой даалгавар биелүүлэх сорилтын өмнө байна. Хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлж, иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжийг нээнэ. Иргэд 1072 хувьцаагаа хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх том ажил Та бидний өмнө байна. Нэгж үнэ нь 936 төгрөгийн үнэлгээтэй хувьцааг 3000 төгрөгт хүргэнэ. Нүүрс баяжуулах үйлдвэр бол түүхий эдээ боловсруулж, үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхмын эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Ирэх оны нэгдүгээр сараас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжинэ. “Эрдэнэс Тавантолгой” компани шаардлагатай ажлын байраа нээлттэй зарлаж, тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг урьж ажиллуулна. Шилдэг мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжье. Уул уурхайн салбарт ажиллах нь монгол залуусын бахархал байх учиртай гэлээ.






Улстөр нийгэм
Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) хамтран хэрэгжүүлсэн “Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг өнөөдөр дүгнэлээ. Төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг боловсронгуй болгох, цахим систем нэвтрүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 4-нд эхэлсэн, гурван сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, удирдах албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, сургалтын материал боловсруулах, нэгдсэн цахим систем нэвтрүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлд хэрэгжсэн бөгөөд энэхугацаанд хийсэн ажлаа талууд дүгнэлээ.

Төслийн хүрээнд 30 удирдах, 45 гүйцэтгэх албан хаагчийг БНСУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулж, Монгол Улсад зургаан удаагийн танхимын болон цахим сургалт зохион байгуулан 700 гаруй төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлжээ. Мөн Удирдлагын академийн 19 багш БНСУ-ын зөвлөх профессор, мэргэжилтнүүдтэй хамтран төрийн албан хаагчдад зориулсан 12 гарын авлага боловсруулсан байна.
Түүнчлэн БНСУ-ын NexIN болон Монгол Улсын NSP компанитай хамтран төрийн байгууллага, албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөлт, тайлагналт, үнэлгээний үйл явцыг цахимжуулсан нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлжээ. 2026 оны аравдугаар сарын байдлаар уг системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгдсэн байна.

Цаашид цахим системийн хэрэглээг төрийн байгууллагуудад жигдрүүлэх, сургагч багш болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, БНСУ-ын Хүний нөөцийн яамтай хамтран сургалт, хөгжлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн үр дүн нь төрийн албаны хүний нөөцийн бодлого, гүйцэтгэлийн удирдлагыг боловсронгуй болгож, төрийн байгууллагын бүтээмж, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байна.



Улстөр нийгэм
Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ
Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Судалгааны дүнг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа.
2024 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Байгаль нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.
Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгааг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, тус төслийг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд зарчмын хувьд хүрчээ.

Ерөнхий сайд Н.Учрал хоёр улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, бидний зорилго бол эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөцийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах зорилтуудыг харилцан зөрчилдүүлэхгүйгээр уялдуулах явдал юм гэдгийг тэмдэглэлээ.
Мөн хамтарсан судалгааны үр дүнг ОХУ-ын талтай эцэслэн хэлэлцэж, тохиролцсон баримт бичгийг албажуулах, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулах, цаашид төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, шийдвэрийн төслийг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Хамтарсан судалгааны урьдчилсан дүгнэлтийг хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах ажээ.

-
Цаг үе2020/09/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Урлаг спорт2020/01/16
Өвөрмонголчууд Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд 45 сая төгрөг хандивлажээ
-
Цаг үе2022/11/03
Нислэгийн үеэр бие нь муудсан жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүл...
-
Цаг үе2024/09/11
Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны авто зам хүртэлх замыг шинэч...
