Улстөр нийгэм
Г.Занданшатар: Сорилтын үед банкууд стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй. Харилцагч муудвал банк сөхөрнө
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Байнгын хороодын зарим дарга нарын хамт холбогдох яам, газар, банкны салбарын төлөөллийг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Байнгын хороодын дарга Х.Нямбаатар, Б.Чойжилсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлага, албан тушаалтнууд оролцов.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга корона вирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр дүгнэлт гаргах ажлын 4 хэсэг Эдийн засгийн, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр тасралтгүй ажиллаж, Засгийн газарт чиглэл өгөн ажиллаж байгаа талаар товч танилцуулав. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын зүгээс корона вирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг А, Б, В хувилбараар гаргаж, үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулаад байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг сүүлийн гурван 7 хоногийн турш Сангийн яам, ХХААХҮЯ, ХНХЯ, Монголбанк, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж тооцоо судалгаа хийн, дээрх төлөвлөгөөг боловсруулж, саналаа Засгийн газарт хүргүүлсний дагуу Засгийн газраас холбогдох шийдвэрийг өнөөдөр гаргаж байна.

Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан Ажлын хэсэг нэг сарын хугацаанд МҮХАҮТ-тай хамтран хүнсний хангамжийг тогтворжуулах, ноолуур, алтны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зэрэг чиглэлээр тооцоо судалгаа хийж, дүгнэлт гарган, Засгийн газарт чиглэл өгсөн. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгох схемийг гаргасан нь хэрэгжих шатандаа ороод байна.
Энэ мэтчилэн УИХ шинжлэх ухааны тооцоолол, судалгаанд суурилж, нийгэм, эдийн засаг дахь хүлээлт, шаардлагыг зөв удирдах чиглэлийг баримтлан ажилласан. Ажлын хэсгүүд УИХ-ын хаврын чуулганыг цахимаар хуралдуулах бэлтгэлийг хангахаас эхлээд аж ахуйн нэгж, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, чөлөөлөх, бууруулах, цаашилбал ипотекийн зээл, зорилтот бүлэгт хандсан арга хэмжээ, Тавантолгойн ногдол ашиг зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн, арга хэмжээ авч байна гэлээ.
Банкны салбарынхантай өмнө нь цахимаар уулзаж, албан бичгээр ирүүлсэн саналуудтай танилцаад Монголбанктай хамтран холбогдох шийдвэр гаргаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад, энэ удаагийн уулзалтаар ажил хэрэгч санал, санаачилга гарна гэдэгт итгэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Улстөржих, талцах цаг биш. Төр, хувийн хэвшил түншилж, хүчээ нэгтгэх, нийтийн дайсан болсон корона вирусийн эсрэг хамтран тэмцэж, хямралыг давах шаардлагатай байна” хэмээн онцлоод, банкны салбарынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодитой, бүтээлч санал, санаачилга гарган ажиллах цаг болсныг анхааруулав.

Уулзалтаар хөндөгдөж буй асуудалтай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон арилжааны банкны төлөөлөл хамтран ажиллах арга хэлбэр, тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тухайлбал, зарим хуульд онцгой нөхцөлтэй уялдуулан түр хугацаанд үйлчлэх нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг дурдав.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Хуулиар ердийн хууль хэлэлцэн батлах хугацаа багадаа 45 хоног байдаг. Гэхдээ нэн яаралтай горимоор хуулийг хэлэлцүүлэх эрх Засгийн газарт бий. МҮХАҮТ, Монголбанк, Банкуудын холбоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан нэг удаагийн зохицуулалтын шинжтэй хууль тогтоомжийг Засгийн газарт танилцуулан, яаралтай горимоор хэлэлцүүлэх боломж байгаа” гэдгийг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар банкны салбарынханд хэлэхдээ,
-Цаг үеийн шаардлагыг харгалзаж, хамтарч нэгдэн, ойлголцож ажиллах,
-Бэлэн бус төлбөр тооцоог идэвхжүүлэхэд анхаарсан бодлого гаргаж, Монголбанктай хамтран ажиллах
-Банкны салбарт дижитал шилжилт хийх
-Монголбанкнаас зээлийн батлан даалтын санг идэвхжүүлэх замаар банкууд зээл олголт, экспортыг дэмжих
-Банкууд ашгийн хувиа багасгаж, зардлаа танах арга хэмжээ авах, зорилтот бүлгийн зээлийн хугацааг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг хэрэгжүүлэх чиглэл өглөө.
Тэрбээр “Хүн төрөлхтөн ойрын үед тохиолдоогүй том сорилтын үед ирээд байна. Сорилт тулгарсан үед харилцагчдаа бодсон стандарт бус шийдвэр гаргах шаардлага гарцаагүй гарна. Эцсийн эцэст харилцагч нар чинь муудвал банкуудын байдал хүндэрнэ гэлээ.
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Улстөр нийгэм
Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна
Улстөр нийгэм
COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний уулзалт болон “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ.
“Санхүүжилтийн өдөр”-ийн хөтөлбөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрөх юм.
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалт нээлтээ хийж, газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаар сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк, санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно.
Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын амьжиргааны уялдааг Resilient Threads хэлэлцүүлгээр авч үзэх бол Fashion4Land Forum-аар ноос, байгалийн ширхэгт материал, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох боломжийг хэлэлцэнэ.
Уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтын асуудлыг Mining Forum-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын Rangelands Flagship Initiative санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ.
Өндөр түвшний хэлэлцүүлгүүдээр газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг авч үзэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, “Ногоон хэрэм” төслийн 20 жилийн туршлага-ыг танилцуулна.
Мөн уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийн уялдааг харуулах Folklore4Land арга хэмжээ болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
