Цаг үе
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа
НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийн ахлагч, дэд захирал ноён Рагаван Нараянан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улаанбаатар хотын Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн дэд зохицуулагч Б.Хишигтогтох, НЗДТГ-ын Хот байгуулалт, газар зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Гэрэлт-Од, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийн зөвлөх Д.Түвшинжаргал, Уур амьсгалын стратегийн хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Эмре Огузөнжүл нар оролцов.
Уулзалтаар “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгаанд оролцох, хамтран хэрэгжүүлж буй төслийн ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хотуудын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгоор “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрт Улаанбаатар хот 2018 онд нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэл орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хоёр байршилд хэрэгжүүлж буй. Төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн нийт зургаан блок 226 айлын орон сууцны барилгын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн Шархад дэд төвд хэрэгжүүлж буй “Ногоон орон сууц” төслийн нэгдүгээр үе шат 4.5 га талбайд 338 айлын орон сууц барьж байна.

Түүнчлэн “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийн урт хугацааны бодит үр нөлөөг салбар бүрээр нь нарийвчлан гаргах зорилгоор сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгааг хийнэ. Уг судалгаанд Улаанбаатар хот оролцох юм.
Энэ талаар НЗДТГ-ын бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгаанд хамруулахаар ажиллаж байгаад баяртай байна. Энэхүү судалгаа нь зөвхөн нэг төслийн хэрэгжилтийг үнэлэхээс гадна Улаанбаатар хотын ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр нөлөөг олон улсын түвшинд үнэлэх чухал боломж гэж байна. Ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө буюу Green City Action Plan-ний хүрээнд зөвхөн бодлогын түвшинд бус бодит хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү кейс судалгааны ажлын хүрээнд шаардлагатай мэдээлэл, хамтын ажиллагааг бүрэн хангаж, нээлттэй, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг онцоллоо.

Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
