Цаг үе
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2026 оны дөрөвдүгээр сарын 06-наас 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Хур тунадас: 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: 09,12-нд говь, тал, хээрийн нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 08-нд ихэнх нутгаар, 11,12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-2 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 07-08-нд шилжих шөнө хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Цаг үе
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Дорноговийн зарим газар, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг үе
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар манай орны гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх гол мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 5-20 см нимгэрсэн байна.
Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг үе
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 55 хавтас материалыг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Уг хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсанаас УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан холбогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдож, үүнээс 58.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар мэдээлжээ.
Шалгалтаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон байна.
Мөн автобуснууд гэрээнд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар илэрчээ. Үүнд:
- Хийн нум амортизаторын оронд хавтсан нумтай нийлүүлсэн
- Халаалтын төхөөрөмж шаардлагаас бага
- Давхар вакум шилний оронд дан шилтэй
- Дулаан тусгаарлалт шаардлага хангаагүй
- Галын аюулгүй байдлын стандарт хангаагүй
Түүнчлэн хорт утаа бууруулах “AdBlue” төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй, зөвхөн савыг байрлуулсан бөгөөд “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүй байсан нь тогтоогдсон байна. Мөн автобуснуудыг үйлдвэрийн стандарт бус аргаар, олон төрлийн эд анги ашиглан угсарсан болохыг шинжээчид тогтоожээ.
Уг хэрэг шүүхийн шат дамжлагаар үргэлжилж байгаа бөгөөд холбогдох талуудын маргаан Улсын дээд шүүхийн түвшинд хянан хэлэлцэгдэх шатанд байна.
-
Үзэл бодол2021/05/21
Л.Оюун-Эрдэнэ: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс бол...
-
Цаг үе2023/04/12
Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Цаг үе2025/08/26
Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
-
Улстөр нийгэм2021/10/28
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцын талаар танилцуулав...
