Цаг үе
Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо
Нийслэл 2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан НЗДТГ, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон есөн дүүргийн удирдлагууд Налайх дүүрэгт Өв соёлын цогцолбор байгуулах талаар уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар жуулчдад үндэсний өв соёлыг сурталчлах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах мөн үндэсний өв соёлыг хадгалж хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Уулзалтын эхэнд Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах “Nomadic complex” төслийг танилцуулж, есөн дүүргийн удирдлагууд цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, саналаа илэрхийлэв.
Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр “Өнгөрсөн онд Налайх дүүргээр 550 мянган жуулчин дамжин өнгөрсөн судалгаа гарсан. Үүний 400 мянга нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зорчсон байна. Улсаар нь авч үзвэл нийт жуулчдын 50 орчим хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байсан. Мөн олон улсад нэр хүндтэй “Physical Asia” шоунд манай улсын тамирчид амжилттай оролцож эх орноо сурталчилсан тул энэ жил жуулчдын тоо ихээр нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Иймд жуулчдын голлон зорьдог зүүн бүсэд энэхүү бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь Налайх дүүрэг төдийгүй нийслэлийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулна” гэв.

Энэ үеэр нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа "Бид зуны саруудад Налайх дүүргийн 2 га газарт “Nomadic Complex” өв соёлын цогцолборыг байгуулж, тавдугаар сараас тогтмол арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү цогцолборыг байгуулснаар ЖДҮ эрхлэгчдийн орлого нэмэгдэх, жуулчдад зориулсан цогц төв бий болох, Монгол өв соёлыг сурталчлах зэрэг ач холбогдолтой. Мөн энэ жил Налайх дүүрэгт олон улсын математикийн олимпиад, олон улсын таеквондогийн тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүд болж, гадаадын зочид, дотоодын аялагчид олноор ирэх учир тус цогцолборыг байгуулах шаардлагатай" гэлээ.
Тус үйл ажиллагааг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв болон Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулсан юм.
Цаг үе
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Цаг үе
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Цаг үе
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
-
Шударга мэдээ2022/08/02
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
-
Урлаг спорт2019/10/16
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
-
Цаг үе2023/09/07
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн зарим тоног төхөөрөмжийг төслийн талб...
-
Улстөр нийгэм2021/06/14
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
