Цаг үе
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2026 оны 02 дугаар сарын 09-нөөс 19-нийг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Халх голын хөндийгөөр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 13-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 26-31 хэм, бусад хэсгээр 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 13, 14-нд хүйтэн байна.
Цаг үе
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Тээврийн прокурорын газраас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байна.
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүний эрүүл мэндэд хөнгөн, 59 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 28 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 12 хүний амь нас хохирсон байна.
Үүнээс хүүхэд хохирсон 16 тохиолдол байгаагаас 1 хүүхдийн амь нас хохирч, 6 хүүхэд хүнд, 8 хүүхэд хүндэвтэр, 1 хүүхэд хөнгөн гэмтсэн нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хамгийн эрсдэлтэй болохыг харуулж байна.
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас өндөр настай 2 хүний амь нас хохирч, 5 хүний эрүүл мэндэд хохирол учирчээ. Мөн гадаад улсын 1 иргэн гэмтсэн байна.
Дээрх зам тээврийн ослын дийлэнх буюу 77.7 хувь нь өдрийн цагаар, үзэгдэх орчин чөлөөтэй үед гарсан байх бөгөөд жолооч явган хүний гарцын өмнө хурдаа сааруулаагүй, зам тавьж өгөөгүй, гэрлэн дохио үл тоомсорлосон, уулзвар, гарц дээр анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан үйлдэгджээ.
Тодруулбал: Жолооч явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 68, уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 23, гэрлэн дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаагүй явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 5, хориглосон гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцсоны улмаас 7 хүнийг явган хүний гарц дээр мөргөсөн тохиолдол гарсан байна.
Осол гаргасан жолооч нарын 5 нь согтуугаар үйлдсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч осол гаргаж явган зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 1 тохиолдол байна.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Жолооч нь зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн тохиолдолд заавал хурдаа хасах, зогсож явган зорчигчид зам тавьж өгөх, мөн зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчийг өнгөрөөх, хүлээх үүрэгтэй.
Тиймээс жолооч та бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган хүний гарцын өмнө хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.

Цаг үе
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглэсэн хагас коксон түлшний үр дүнг хэлэлцсэн байна.

Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцолжээ.

Тодруулбал PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар, PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар, хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарсан талаар албаныхан танилцууллаа. Тэгвэл эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал “Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн” гэдгийг тодотгосон байна.
Ташрамд дуулгахад 2025-2026 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байсан гэлээ.
Цаг үе
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороолол-2 бүсчлэлд байрлах 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь зоорьтой, хоёр давхар бүхий тэнхлэгээрээ 24.0 х 28.0 ам метр хэмжээтэй, нийт 1491.5 ам метр талбайтай барилга юм. Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаатай баригдана.
Өнөөдрийн байдлаар барилгын хоёрдугаар давхрын каркас угсралтыг хийж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь шийдэх юм. гэж НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ-с мэдээллээ.





-
Улстөр нийгэм2025/11/25
Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь о...
-
Цаг үе2023/01/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
Цаг үе2022/03/07
16 давхар барилгын гадна фасад шатаж байсныг бүрэн унтраалаа
-
Шударга мэдээ2021/01/19
Имарт “Хөх шошго” хөтөлбөр эхлүүллээ
