Улстөр нийгэм
Монгол, Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 18-ны өдөр болж, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
Монгол-Японы эмнэлэг нь АШУҮИС-ын судалгаа, эрдэм, шинжилгээ, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг юм. Жилд 7000 гаруй оюутан, 1000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд дэлхийн жишигт нийцсэн бодит эмнэлзүйн сургалтыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
Цаашид АШУҮИС-ыг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй. Иймд тус сургалт, судалгааны эмнэлгийг чиг үүргийн хувиар БСШУСЯ-нд харьяалуулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Тус эмнэлгийн харьяаллын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэснээр үйл ажиллагааны санхүүжилт тасалдалгүй, удирдлагаар хангаж ажиллахад саад бэрхшээл учрахгүй болж байгаа юм.
Монгол-Японы эмнэлэг нь жилд дунджаар 11.000 хүнийг хэвтүүлэн эмчилж, үүнээс 5000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлнэ. Амбулаторийн тусламж үйлчилгээнд жилд 192.000 хүнд үзлэг, оношилгоо, шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хийх аж. Одоогоор шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж суурилуулахад хэрэгтэй 14 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг Дэлхийн банкнаас хийхээр шийдвэрлэжээ. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой болох юм.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
