Улстөр нийгэм
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц, боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
Зөвлөл нь үүсээд буй нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ шуурхай авах, нөөц, чанар, үнэ бүрдэлтэд хяналт тавих, зорилтот стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, яамд хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход оновчтой шийдэл болно гэж үзжээ.
Улстөр нийгэм
Эмийн чанарын хяналтыг бүрэн хангах Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ч.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн хэрэгжилттэй танилцлаа.
Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд 2025 оны аравдугаар сараас эхэлсэн барилга угсралт, засвар шинэчлэл, тавилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусч, одоогоор батлагдсан хуваарийн дагуу тоног төхөөрөмжийн суурилуулалт, нүүлгэлтийн ажил үргэлжилж байна.
Одоогийн байдлаар эм шинжлэх лаборатори жилд 2000-2500 дээжид шинжилгээ хийж, шинжилгээний хүлээгдлийн хугацаа 90-100 хоног байна.
Харин Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор хүчин чадал 2 дахин нэмэгдэж, шинжилгээний хүлээгдэл мэдэгдэхүйц буурах юм. Ингэснээр Монгол Улс эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг илүү бүрэн хангах боломж бүрдэнэ.
Төслийн хүрээнд нийт 884 м.кв талбай бүхий лабораторийн барилгыг батлагдсан зураг төслийн дагуу барьж байгуулсан бөгөөд оффис, микробиологийн лаборатори, химийн лаборатори гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Лабораторид дөрвөн төрлийн хий, галын дохиоллын систем, галыг хийгээр унтраах систем, агааржуулалт, хөргөлтийн систем, нэрмэл усны систем, холбоо дохиолол, камерын хяналт, зарлан мэдээлэх систем зэрэг орчин үеийн инженерийн шийдлүүдийг бүрэн суурилуулсан байна. Барилга угсралтын ажлыг М-Си-Эс Проперти ХХК гүйцэтгэсэн.
Энэхүү лабораторийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа бөгөөд барилгын зураг төсөл, барилга угсралтын ажил, тавилга болон багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх бүх ажлыг тус байгууллага хариуцан зохион байгуулж байна.
Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэр төрлийн 78 төрлийн багаж, тоног төхөөрөмж болон туслах хэрэгслийг нийлүүлж, ажилтнууд, шинжээчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар:
- Жилд шинжилгээ хийх дээжийн тоо 2 дахин нэмэгдэнэ
- Шинжилгээний нэр төрөл нэмэгдэнэ
- Эмийн чанар, аюулгүй байдлын үнэлгээг илүү хурдан, үр дүнтэй хийх боломж бүрдэнэ
- Шинжилгээний хүлээгдлийн хугацаа богиносно
- Шинжилгээний илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна
- Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-ын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдана
- Дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэнэ
Ийнхүү Үндэсний лавлагаа лабораторийг байгуулснаар Монгол Улс эмийн чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, иргэдийг аюулгүй, чанартай эмээр хангах чухал нөхцөл бүрдэж байна.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал /2026.04.28/ боллоо. Хурлыг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай даргалж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцов.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар:
1. Компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан,
2. Ногдол ашиг хуваарилах эсэх,
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан;
4. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай зэрэг асуудлыг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч 5 гишүүн, хараат бус 4 гишүүн нийт 9 гишүүнтэй. ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа Компанийн тухай хууль, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”, “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж, холбогдох журмын дагуу явуулж өнөөдөр хуралд танилцууллаа.
Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, нийт хувьцаа эзэмшигчдэд 2025 оны цэвэр ашгаас 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсныг танилцуулав.
Мөн нэмүү өртөг шингэсэн дэд бүтцийн болон үйлдвэрлэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх замаар уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олборлосон бүтээгдэхүүний үнэ, чанарыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулахад онцгой анхаарч ажиллаж буйг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу танилцуулгадаа дурдлаа.
Танилцуулгын дараа хуралд оролцогч хувьцаа эзэмшигчид ногдол ашгийн талаар, нээлттэй хувьцаат компани болох тухай, нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх талаар асуулт асууж хариулт авлаа.
Нээлттэй хувьцаат компани болох ажлын хүрээнд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх тухай тогтоолын төслийг боловсруулж маргааш Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөснийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Нацагдорж танилцууллаа.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдэд нээлттэй зохион байгуулав.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.29/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо |
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох |
10.00 |
“Үндсэн хууль” |
|
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.04.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
11.00 |
“Их засаг” |
|
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан төсөл, анхны хэлэлцүүлэг/ · Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүн 2026.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Бусад |
12.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
3 |
Хууль зүйн байнгын хороо |
· Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт · “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Байнгын хорооны тогтоолын төсөл /Журам шинэчлэн батлах тухай/ · Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Хүний эрхийн дэд хорооны 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай/ |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
