Урлаг спорт
Шатар сонирхогчдын 2025 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
НИТХ-аас шатар сонирхогчдын 2025 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттэй зохион байгууллаа. Тэмцээнийг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэллээ. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглаж улмаар энэхүү түүхэн өдрийн жил бүрийн 01 дүгээр 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэхүү тэмдэглэлт Үндсэн хуулийн өдөрт зориулж Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ивээл дор “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн” Улаанбаатар хотноо Төрийн ордонд 2026 оны 01 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний Анхан шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргүүдийн ИТХ-ын ивээл дор амжилттай зохион байгуулж, өнөөдөр нийслэлийн аваргын төлөөх тэмцээн боллоо.
Нээлтийн үеэр Нийслэдийн шатрын холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхбат “Нийслэлийн Шатрын холбооны бодлого чиглэл, хамтын үйл ажиллагаа болон холбооны материаллаг баазыг бэхжүүлэх, улмаар нийслэлийн хүүхэд залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шатрын спортоор дамжуулан зөв дадал зуршлыг бий болгох чиглэлээр зохион байгуулж буй хөтөлбөр арга хэмжээнд дэмжлэг туслалацаа үзүүлэн хамтран ажиллаж буй Нийслэлийн ИТХ-ын дарга Амарбаясгалангийн Баяр танд Нийслэлийн Шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа мөн нийт шатар сонирхогч иргэдийнхээ өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлье.Нийслэлийн Шатрын холбоо 2026 онд хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөж байна. Тухайлбал, гадаадын улс орнуудтай цуврал Онлайн тэмцээнүүдийг зохион байгуулах, алслагдсан захын 3 дүүргийн төлбөрийн боломжгүй хүүхдүүдийг шатрын сургалтанд үе шаттай хамруулах зэрэг ажлуудыг төлөвлөж байна” гэлээ.

Урлаг спорт
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Урлаг спорт
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол болж, “Нийслэлийн бахархал” шагнал гардууллаа. Нийслэлийн хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан үр бүтээлтэй ажилласан иргэний амжилт, санаачилгыг үнэлэн алдаршуулав.

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслолыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлчүүд та бидний эрүүл мэнд, амар тайван амьдрал, аюулгүй байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл чимээгүй хөдөлмөрлөдөг баатрууд бол онцгой байдал, эрүүл мэнд, хот тохижилт, цагдаа бусад үйлчилгээний салбарт зүтгэж буй мянга мянган ажилтан албан хаагчид билээ. Түүхт ойн энэ өдөр есөн салбарын шилдэг төлөөлөл "Улаанбаатарын бахархал" цомыг хүртлээ. Энэ бол та бүхний мэдлэг, ур чадвараа зориулж, хамт олныхоо итгэлийг дааж ирсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ” хэмээн тодотголоо.
“Нийслэлийн бахархал” шагналын эзэд

- “Хотын авран хамгаалагч бахархал” номинаци
Дэмбэрэлсүрэнгийн Анхбаатар - Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч
2009 оноос 17 жил онцгой байдлын салбарт ажилласан.
- 1465 орчим гал түймрийн болон гамшиг ослын дуудлагаар гарч,
- 1265 удаа гал түймэрт байлдааны тархалт хийж,
- 7 тэрбум төгрөгийн төр, аж ахуй, нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө
- 497 хүний амь насыг авран хамгаалж,
- 68 удаа үер усны дуудлагаар үүрэг гүйцэтгэж,
- 194 үерт өртсөн иргэнийг авран хамгаалж,
- 7 иргэний автомашиныг уснаас гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж,
- 598 удаа айл өрхийн галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж,
- 9787 урьдчилан сэргийлэх тараах материалыг иргэдэд хүргүүлэн ажилласан.
- “Аюулгүй зорчилтын бахархал” номинаци
Лувсаннямын Ганзангиа - “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч
Нийтийн тээврийн салбарт 1995 оноос эхлэн 32 жил ажилласан. Зөвхөн 2026 онд:
- 17 зорчигч тээврийн чиглэлд
- 206 хоног зорчигчдод үйлчилж,
- 1568 цаг нийтийн тээврийн шугам замд ажиллаж,
- 1 жилийн хугацаанд 731 рейс гүйцэтгэж,
- 1 өдөрт 1158 зорчигч тээвэрлэжээ.
- “Хот, нийтийн аж ахуйн бахархал” номинаци
Батмөнхийн Мөнххишиг - “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер. Орон сууц нийтийн аж ахуйн салбарт 2013 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. Хэрэглэгч, оршин суугчдаас ирүүлсэн хүсэлт, өргөдлийн шийдвэрлэлтэд байнга хяналт тавьж, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцаж ирсэн үлгэр жишээ шилдэг ажилтнуудын нэг юм.

- “Эерэг өөрчлөлтийн бахархал” номинаци
Баатарчулууны Нандинцэцэг - Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн ахлах нийгмийн ажилтан. 2010 оноос нийгмийн хамгааллын чиглэлээр 16 жил ажилласан. Нийгмийн салбарт, тэр дундаа гэр оронгүй иргэдэд үйлчлэх үйлсэд тасралтгүй 16 жил ажиллах хугацаандаа иргэн нэг бүртэй ажиллаж, тэдний амьдралын чанарыг сайжруулж, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
- “Эрүүл мэндийн бахархал” номинаци
Алтангэрэлийн Нямсүрэн - Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгийн гэмтэл, согогийн тасгийн эрхлэгч, мэс заслын эмч. 2014 оноос эрүүл мэндийн салбарт 12 жил ажилласан.
А.Нямсүрэн нь сүүлийн 5 жилийн хугацаанд:
- 64,796 амбулаторийн үзлэг
- 12,087 урьдчилан сэргийлэх үзлэг
- 5,846 хүнд мэс заслын ажиллагааг багаа ахлан хийж, хүндрэлгүй тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.
- “Хотын үзэмж бахархал” номинаци
Сарангэрэлийн Цэдэвдорж - Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-д хог тээвэрлэлтийн ачигч, зам талбайн үйлчлэгчээр 2004 оноос хойш өнөөг хүртэл 22 жил тасралтгүй ажиллаж байна. Авто зам болон явган замын цэвэрлэгээг технологийн дагуу чанартай гүйцэтгэж, зам талбайгаа өдөр бүр 3 удаагийн давтамжтайгаар цэвэрлэж, өдөр бүр тогтоосон төлөвлөгөөг давуулан биелүүлэн ажилладаг.

- “Эрдмийн бахархал” номинаци
Начингийн Оюунчимэг - Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багш. 1987 оноос боловсролын салбарт 39 жил ажиллаж байна. Физикийн хичээлийн заах арга зүйг сайн эзэмшиж, сурагч бүрийн авьяас чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн. Түүний шавь нарын гаргасан амжилтаас дурдвал:
Аймаг, нийслэлийн физикийн олимпиадаас: 44 алт, 40 мөнгө, 59 хүрэл
Улсын физикийн олимпиадаас: 17 алт медаль буюу 17 удаа улсын аварга, 29 мөнгө, 35 хүрэл
Олон улсын физикийн олимпиадаас: 3 мөнгө, 9 хүрэл
Ази тивийн физикийн олимпиадаас: 1 мөнгө, 5 хүрэл медаль тус тус хүртэж нийтдээ олон улсын 24 медаль хүртсэн байна.
- “Аюулгүй хотын бахархал” номинаци
Таупихын Ардабек - Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч. Т.Ардабек нь 2026 онд:
- 28 удаа авто эргүүлийн чиглэлд
- 672 цагийн үүрэг гүйцэтгэж,
- 314 дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Мөн 2026 оны 10-р сарын 06-ны өдрийн 09:00 цагт эргүүлийн үүргээ гүйцэтгэж дуусаад гэртээ харих замдаа СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцанд гал түймэр гарч байгааг мэдэн галын голомтод байсан 13 настай 1 охиныг аврахын зэрэгцээ 7 айлын 9 иргэнийг болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.
- “Сайн үйлсийн бахархал” номинаци
Цэвээний Энхбаатар - Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор. 2002 оноос байгаль орчинд ээлтэй сайн үйлсийн олон ажил хийж гүйцэтгэж ирсэн.
- Тужийн нарсны мод үржүүлгийн газар нарсны тарьц тарьж, ургуулж ойжуулалт хийсэн. Чингэлтэйн дээд Салхитад 4 га газарт ойжуулалт хийсэн.
- Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Сэлхийн Гүнжийн булгийг тохижуулахад оюутан, сонирхогчдыг уриалан 5 жил дараалан 5000 орчим улиас, хайлаас, бургас тарьж, услах, хамгаалах ажлыг сайн дураараа хийж байгаа.
- 2023 оноос Хамрын хийдэд 200 гаруй монос, бүйлс тарьж ургуулсан.
- 2023 оноос Сэлхийн зуслангийн ууланд ойжуулах ажлыг эхлүүлж, 2 га газар хашаажуулан, улиас, монос, хайлаас, чацаргана, шинэс, гацуур зэрэг 3000 гаруй мод тарьсан бөгөөд өнөөдөр 90 хувийн ургалттай байна.






Урлаг спорт
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгоор уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв.

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, “Авьяасаар бүтээсэн 20 жил” уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо.

“Улаанбаатар” пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангарьдын дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Хангарьд”, “Модун”, “1963”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл багтжээ. Түүнчлэн Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хангарьд”, С.Мөнхбатын “Модун”, О.Чинбатын “1963”, Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” удиртгал, Р.Бат-Эрдэнийн “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.

Мөн “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.


Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын "Үзэсгэлэнгийн танхимд" болно.



-
Улстөр нийгэм2023/02/24
Банк санхүүгийн академи “Усан бар” жилийн амжилт, ололтоо танилцуулж...
-
Цаг үе2024/07/17
Баяр наадмын үеэр ГССҮТ-д 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ
-
Урлаг спорт2025/05/20
“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл өнөөдөр дуусна
-
Улстөр нийгэм2023/04/26
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д ...
