Цаг үе
ТЦГ: Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байгаа аж. Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгдсэн байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн тухай хуулиар:
- Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд өөрчлөлт орлоо.
- Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял оноохоор болж байна.
- Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
- Ялын бодлогын өөрчлөлтөөр жолоодох эрх хасах ял нэмэгдсэн, торгох ялын доод хэмжээ зургаа дахин, дээд хэмжээ гурав дахин нэмэгдлээ. Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдэж байна.
- Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт боллоо.
- Согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ зөрчил гаргаж, хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, эсвэл 1-5 жилээр хорих ял оногдуулахаар боллоо.
Харин согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна. Хуулийн эдгээр өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Цаг үе
Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна
Энэ сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

-
Улстөр нийгэм2021/11/09
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Цаг үе2022/12/16
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.1 хувиар өслөө
-
Үзэл бодол2022/12/09
Х.Сугир: "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ компанийн ашиг орлогыг тэрбумаар зогсо...
-
Улстөр нийгэм2021/07/29
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсад айлчилна
