Цаг үе
Нэгдүгээр тойрог замын төслийн тендерийн материал хүлээн авч байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж буй. Улаанбаатар хотын гол гудамж замууд хэт ачаалалтай, замын сүлжээ нь төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэдэг учир төвийг тойрон гарсан гол гудамж замыг барихаар төлөвлөсөн нь “Шинэ тойрог зам” төсөл юм.
Уг төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Энэхүү төслийн нэг нь болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн 24.7 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарласан. Тендерийн материалыг хүлээн авч байгаа бөгөөд энэ хүрээнд сонирхогч талуудад гурван удаагийн тодруулга мэдээллийг албан ёсоор хүргүүлээд байна. Тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулах юм.
НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК хамтран хийсэн судалгаанаас харахад, тус төсөл 2030 онд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 19–20 хувиар буурах тооцоолол гаргасан байна.
Тухайлбал, Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжны ачаалал 10–20 хувь, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замын ачаалал 20–40 хувь, харин Ажилчны гудамжны ачаалал 40 гаруй хувиар буурах тооцоолол гарчээ.
Цаг үе
Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг худалдан авч хэрэглэнэ
ХУД-ийн 16-р хороонд Вьетнам авто засвар газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй түлш хэрэглэж байгаа эсэхийг шалгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 294 тоот Вьетнам авто засвар дээр ажиллалаа. Тус засварын газар нь өнгөрсөн онд худалдан авсан шахмал түлш ашиглаж байна. Улаанбаатар хотод шахмал түлшийг зөвхөн айл өрхөд нийлүүлдэг. Харин аж ахуйн нэгжүүд “Тавантолгой түлш” компанитай гэрээлж, шигшсэн мидлинг түлш авах ёстой. Өмнө нь “Энержи Ресурс” компани үнэгүй нийлүүлдэг байсан бөгөөд одоо нэг тонн түлш үйлдвэрлэх өртөг 600 мянган төгрөгт хүрсэн. Тиймээс ААН-үүд нэг тонныг 250 мянган төгрөгөөр гэрээ байгуулан авах боломжтой" гэлээ.
Цаашид ахуйн зориулалтын нүүрс түлэхийг хориглоно. Зарим аж ахуйн нэгж хэрэглэсэн тос масло шатаадаг нь хар тугалга, хүнд металл ялгаруулдаг тул ийм үйлдэл илэрвэл үйл ажиллагааг зогсооно. Тус засварт урьдчилан анхааруулга өгч, цаашид зөвшөөрөгдсөн түлш хэрэглэх, “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлж байв.
Цаг үе
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу 5 удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлаарай.
Хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Цаг үе
“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян өрнөж байна
Соёлын орон зай нь үнэт зүйлс, утга санааг бий болгож, илэрхийлж, хуваалцах биет ба бэлгэдлийн цогц нийлбэр бөгөөд энэхүү орон зайг өргөжүүлж, нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяныг 2025 оны аравдугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Соёл, урлагийн байгууллагууд болон бүх шатны албан байгууллагуудыг аяны хүрээнд идэвхтэй оролцож, бүтээлч санаагаа хуваалцан соёл түгээхэд нэгдэхийг Соёл урлагийн газраас уриалж байна.
-
Цаг үе2023/03/07
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваа...
-
Улстөр нийгэм2019/06/25
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн санал, дүгнэл...
-
Улстөр нийгэм2021/04/27
УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүд БНИУ-ын парламентын гишүүдтэй...
-
Цаг үе2022/05/06
Нийслэлчүүд бидэнд ногоон байгууламж Ус агаар мэт хэрэгтэй байна