Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Огноо:

,

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд Зүрх судасны үндэсний төвийг байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт улсаас олгох 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн хэлэлцээр хийхээр болсон байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санал болгож буй зээлийн хөрөнгө нь баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү (SOFR) дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 4 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 18 жилийн хугацаатай гэлээ.

Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтой хэмээн сайд танилцууллаа.

Зээлийн хэлэлцээрийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, М.Бадамсүрэн, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Г.Очирбат, Б.Заяабал, П.Батчимэг, Р.Сэддорж нар асуулт асууж салбарын сайд болон ажлын хэсгийг гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Тухайлбал, Монголын талаас хөрөнгө оруулалт хийх эсэхийг тодруулсан асуултад Ж.Чинбүрэн сайд хариулахдаа “Монголын талаас хөрөнгө оруулалт хийхгүй. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 15646 м2 талбайтай, 8 давхар 119 ортой эмнэлэг байгуулна. 80 энгийн ор, эмчилгээний 16 ор, эрчимт эмчилгээний 8 ор, мэс заслын 8 өрөөтэй байх ба зөвхөн шигдээс, харвалтыг эмчлэхээс гадна зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломжтой гэж төлөвлөж байна. Нийт санхүүжилтийн 52 орчим хувь нь барилгын хөрөнгө оруулалт байх бол үлдсэн нь тоног төхөөрөмжид зарцуулгадах тооцоотой байгаа” гэв. Эмч нарыг чадавхжуулах чиглэлд төслийн хөрөнгө оруулалтаас төсөвлөгдөх эсэхийг тодруулахад Улсын III төв эмнэлгийн зүрх судасны салбар бол 24 жилийн турш Люксембургийн Их Гүнт улстай хамтран ажиллаж хүний нөөцийн бэлтгэл ажлыг хангалттай гүйцэтгэсэн гэдэг хариултыг сайд өгсөн. Үүний зэрэгцээ 21 аймаг, дүүргүүдтэй цахимаар хамтран ажиллах систем бий болгосноор ачааллтыг 56 хувиар бууруулаад байгаагаа хэлсэн. Төслийн санхүүжилтийн тодорхой хувийг хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр зарцуулах юм байна. Барилгын төсөвт өртөг нэмэгдэх эсэх, эхлэх, дуусах хугацааг тодруулахад “2026 онд эхлээд 2032 онд ашилалтад оруулахаар төлөвлөсөн. ТЭЗҮ болон зураг төслийг өндөр нарийвчлалтай хийсэн учраас төсөвт өртөгт их өөрчлөлт орохгүй гэж тооцож байна. 66 метр өргөн, 23.5 метр өндөртэй барилга Улсын III төв эмнэлгийн хашаан дотор баригдана, менежментийн хувь нэг удирдлагатай байна” гэж хариулсан.

Түүнчлэн гишүүд зээлийн хэлэлцээртэй холбоотой санхүүгийн зардлуудыг нарийвчлалтай, тодорхой тооцоололтойгоор танилцуулахыг Сангийн яамнаас шаардахыг зэрэгцээ зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй холбоотой тооцооллыг мэдээллийг тодруулж байсан. Эмнэлгийг Улсын III төв эмнэлгийн хашаан дотор барих нь нягтрал өндөртэй орчинд дахин нягтрал үүсгэх талаар тооцсон эсэхийг, тус төвд ажиллах мэргэжилтэн, хүний нөөцийн асуудлыг давхар тооцох саналуудыг гаргаж, гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг эрчимжүүлж, үр өгөөжтэй байлгах чиглэлд холбогдох талууд анхаарал хандуулж ажиллахыг гишүүд сануулж байв.

Ийнхүү гишүүд Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт аван, холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг  зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох