Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 10-11-нд өдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч, 12-ноос нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байна.
2025 оны есдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нугийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


