Цаг үе
Б.Одбаяр: Улаанбаатар хотын гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232 км авто замыг шинэчлээд байна

Нийслэлийн хэмжээнд 2024-2025 онд 232 км авто замыг шинэчлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын гол гудамжид тооцогдож буй нийт 272 км зам байгаагаас 80 гаруй хувь буюу 232 км авто замыг нэг жилийн хугацаанд засаж, шинэчлээд байна. Энэ оны хувьд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 42 байршилд 92 км авто замыг шинэчилж дууслаа. Харин Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэг болон Толгойтын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх шинээр барьж буй авто замын ажил аравдугаар сарын 30-нд дуусна. Мөн явган болон авто замын эвдрэлийг нөхөх ажил болон ус зайлуулах сувгийн ажлыг тухай бүрт нь шөнийн цагаар хийж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Өнөр хорооллын 2.8 км авто зам болон Баянхошуугаас Жанцангийн гудамж хүртэлх 5.2 км авто зам шинэчлэлийн ажил 2026 онд дуусна” гэв.
Цаг үе
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа.
Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.
Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг бүрэн шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сараас тус авто замыг шинэчилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн юм.
Харин энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчилж, гэрэлтүүлэг, явган замын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан бөгөөд 46 жилийн дараа их засвар хийлээ.