Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Ариунаа: Бид зумба бүжгийг зохиомол бус олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу заадаг

Огноо:

,

“Зумба дасгалт бүжгийн холбоо”-ны тэргүүн, олон улсын зумба бүжгийн багш, эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралын зөвлөх Б.Ариунаатай ярилцлаа. 

-“Зумба дасгалт бүжгийн холбоо” хэдэн онд өрхөө татаж, үүдээ нээсэн бэ. Холбооныхоо талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Манай холбоо 2018 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод зургаа, орон нутагт буюу Өвөрхангай, Сэлэнгэ, Замын-Үүд, Эрдэнэт, Цогтцэций, Дорноговь, Говь-Алтай зэрэг арван аймагт төдийгүй сумдад салбартай.

Бид зумба заахаас гадна олон улсын хэмжээний багш бэлтгэдэг. Эхний ээлжид Монгол дахь багшаа бэлдэж, улмаар тухайн багшийн идэвх зүтгэл, шавь нартай болж буй эсэхээс шалтгаалан олон улсын сертификат олгодог. Хэрэв тухайн багш маань гадаадад ажиллах хүсэл сонирхолтой гэвэл бид чиглүүлж өгдөг. Тэгэхээр “Зумба дасгалт бүжгийн холбоо” маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаатай холбоо гэсэн үг.

-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудаас танай клубийн ялгарах онцлог, давуу тал юу вэ?

-Нэгдүгээрт, зумба бүжгийг зохиомол хөтөлбөрөөр бус харин олон улсын стандартын дагуу заадаг. Тодруулбал, АНУ дахь Зумба бүжгийн холбооноос боловсруулан гаргасан хөтөлбөр, чиглэлийн дагуу хичээлээ ордог. Холбооны гишүүн улс орны холбоо болгон сар бүр нэг ижил бүжиг заана гэсэн үг. Жишээлбэл, энэ сард эдгээр 20 бүжгийг заагаарай гэсэн чиглэл ирвэл манай бүх салбар тэрхүү хөтөлбөрийн дагуу л хичээллэдэг. Ингэснээр холбооны гишүүд маань аль ч улс оронд очсон хэлний шаардлагагүйгээр зумба бүжгээ дагаад бүжиглэчихдэг. Ийм том давуу талтай. Хоёрдугаарт, эрүүл зөв хооллолтод нэлээд анхаарч, хувь хүнд нь болон нийтэд нь зөвлөмж зөвлөгөө өгдөг. Гуравдугаарт, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, хэвшүүлэхэд түлхүү анхаардаг.

Ер нь бол зумбагаар хичээллэснээр хүний амьдралын хэв маяг өөрчлөгддөг.  Жишээлбэл, эрт унтаж, эрт босдог болно. Өдрийн ажлаа зөв зохион байгуулалттай хийж эхэлдэг. Ажлаа хэрхэн яаж үр дүнтэй хийх үү, гэр бүлдээ хэзээ яаж цаг зав гаргах уу, баяр ёслолыг хэрхэн яаж тэмдэглэх вэ гэдгээ төлөвлөж, зохицуулж сурдаг. Бид дасгал хөдөлгөөн, бүжиг зааж, эрүүл зөв хооллолтын хичээл орохоос гадна уур бухимдлаа хянах, өөрийгөө гомдлоос суллаж чөлөөлөх, эхнэр, нөхрийн харилцаа хандлага гэх мэт сэтгэлзүйн талын хичээлийг ч мөн зааадаг.

-Долоо хоногт хэдэн удаа цагийн ямар сонголтоор хичээллэх боломжтой вэ?

-Манай өглөөний анги 06:00, 07:30, 10:00, оройн анги 19:00, 20:00 гэсэн цагийн сонголттой. Эдгээр цагийн дагуу өдөр бүр хичээллэдэг учраас тухайн хүн долоо хоногт хэдэн удаа явахаа өөрөө шийдэж, түүндээ нийцүүлэн төлбөрөө төлөх боломжтой. Сүүлийн үед албан байгууллагууд оффис дээрээ хичээл заалгадаг болсон байна. Энэ нь бас нэг ахиц дэвшил шүү. 

-Жишээлбэл, би өглөөний 07:00 цагийн ангид явъя гэж бодоход, тухайн нэг цагийн хугацаанд ямар хөтөлбөрийн дагуу хичээллэх вэ?

-Та 07:00 цагаас өмнө ирээд өөрийгөө бэлдчихсэн байх ёстой. Тэгээд эхний таван минутад таныг аппаратад оруулж, жин, өөхлөлт, бэлхүүсний тойрог гэх мэт биеийн шаардлагатай үзүүлэлтийг хянаж, өмнөх өдрүүдэд гаргасан үр дүн эсвэл алдаа дутагдлын талаар ярилцаж, зөвхөн танд тохирсон зөвлөгөө мэдээллийг өгнө. Тэгээд 45 минутад иога, дасгал, “belly dance”, бачата зэрэг олон бүжгийн хөдөлгөөнийг хийнэ. Зумба өөрөө бүх төрлийн бүжгийн техникийг оруулсан дасгал шүү дээ. Харин үлдсэн 10 минутад нийтэд нь буюу бүх хүмүүсийн дунд эрүүл, зөв  хооллолтын тухай хичээлийг заадаг. Ингэхдээ бодит үр дүнд хүрсэн хүмүүс туршлагаасаа хуваалцаж, бусдадаа урам зориг өгөх жишээтэй.

-Ер нь зумбагаар хэдий хэр хугацаанд хичээллэж байж үр дүнд хүрэх вэ?

-Cарын хугацаанд 20 кг жин хассан хүн бий. Гэхдээ энэ бол нэлээд чанга дүрэм. Харин зөөлөн дүрмээр бол хүн өдөрт 300 грамм хасдаг гэж тооцож болно. Гэхдээ ер нь бол тухайн хүний өөрийн сахилга батаас л бүх зүйл шалтгаална. Зөвлөгөө зөвлөмж өгөөд байхад хөргөгчин дахь хүнс, идэж уух зүйлсээ өөрчлөхгүй л бол үр дүн хүлээх хэрэггүй. Мөн эрт унтахгүй бол бас үр дүн гарахгүй. Хүний амьдрал баялаг учраас хөдөө гадаа явах, баяр наадамд очих ч гэдэг юм уу юу ч тохиолдож болно. Гол нь ийм үед багшдаа хэлээд зөвлөгөө авах хэрэгтэй.

-Та бүхэн “Зумба фестиваль” зохион байгуулах гэж байгаа юм билээ. Энэхүү фестиваль нь сонирхогч хүмүүст нээлттэй юү?

-Бид олон улсын хэмжээний “Зумба фестиваль”-ийг есдүгээр сарын 6-нд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Фестивальд Япон улсаас олон улсын зумба бүжгийн дэглээч багш, мөн БНСУ-аас нэг багш, зургаан хамтрагч багштайгаа ирж оролцоно. Зумба гэж ямар дасгал бүжиг байдаг, түүний ач холбогдол гэх мэт цогц ойлголтыг өгч, олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулж байгаа учир хүссэн хүн бүрд нээлттэй. Гэхдээ тодорхой хэмжээний такстай. Холбооны салбар болон гишүүдийн дунд мөн сонирхогчдыг татан оролцуулсан тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Зохиомол хөтөлбөрөөр хичээллэдэг зумбачид олон улсын том фестиваль дээр очоод хамтран ойлголцож хийж чаддаггүй. Харин олон улсын стандартын дагуу боловсруулсан хөтөлбөрөөр хичээллэсэн хүмүүс бол хаана ч, хэзээ ч хамтдаа нэгэн зэрэг бүжиглэж чаддаг.

-Ер нь бүх л төрлийн бүжиг, дасгал хөдөлгөөн өөр өөрийн давуу тал, ач холбогдолтой байдаг болов уу. Зумба бүжгийн тухайд та юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, дасгал хөдөлгөөн хийж л байгаа учраас тодорхой хэмжээнд жингээ хасна. Хоёрдугаарт, хүний сэтгэлзүйг тайвшруулдаг. Өөрөөр хэлбэл, хөгжмийн аянд бүжиглэдэг учраас тухайн хүнийг зөөлөн сэтгэлзүйтэй болгодог. Гуравдугаарт, аз жаргалын гармон ялгаруулдаг. Дөрөвдүгээрт, өөрийнхөө хүсэл сонирхлыг олж, түүнийгээ амьдралынхаа хэв маяг болгож чаддаг. Жишээлбэл, та зумбагаар хичээллэж байгаад тэдгээр төрлөөс иог хийх эсвэл монгол бүжиг бүжиглэхэд илүү дуртай байвал түүн рүү нь бид чиглүүлж өгдөг. Гурван сарын хугацаанд зумбагаар хичээллэсэн хүн монгол бүжигт дурлан хичээллэдэг болох жишээтэй. Ер нь бол манай клуб зөвхөн жин хасахад төвлөрдөггүй. Харин өөрийгөө олж мэдэрч, эрүүл амьдралын хэв маягтай болгоход илүү анхаардаг.

-Ажил, амьдралаа зумбатай холбосон таны түүхийг хуваалцъя?

-Би 2015 онд элэгний вирустэй гэдэг онош сонссон. Энэ нь удамшсан байх магадлалтай. Яагаад гэвэл, миний эмээ, ээж болон нагац талын олон хүн элэгний өвчнөөр нас барсан. Тиймээс би хувь тавилантайгаа эвлэрч, ер нь бол бууж өгч байсан. Гэсэн ч эмч маань надад урам зориг, хүч өгч намайг урагш түлхсэн. Тиймээс би эмчилгээгээ хийлгэхийн хажуугаар эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралыг эрэлхийлж явсаар 2018 онд өөрийгөө олсон. Өөрөөр хэлбэл,  тэр цагаас хойш зумбатай ажил, амьдралаа холбож Ингээд би тухайн үед 82 кг-аас 60 кг жинтэй болж чадсан. Түүнээс хойш энэ жингээ тогтмол барьж байгаа.

-Эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралд уриалдаг, томоохон төлөөллийн хувьд та манай уншигчдад товчхон зөвлөгөө өгөөч?

-Хамгийн түрүүнд амьдралын хэв маягаа л өөрчлөх хэрэгтэй. Гол нь та өглөө 05:00 цагт “зомби” шиг сэрж байна уу эсвэл үнэхээр аз жаргалтай сэрж байна уу гэдэг нь амьдралын хэв маяг. Таны өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ. Миний өглөө 22:00 цагт унтахаас эхэлдэг. Хэрэв, би 00:00 цагт унтвал өглөө “зомби” шиг сэрнэ. Харин 02:00 цагт унтвал би өөрийгөө унтаагүйд тооцдог. Дараагийн анхаарах зүйл бол мэдээж хооллолт. Эрүүл хооллолт гэхээр хүмүүс би энийг иднэ, тэрийг идэхгүй гээд таваг дээрх хоолоо ялгаж эхэлдэг. Бас хоолоо сойж, юу ч идэхгүй гэж ярьдаг. Энэ бол маш буруу. Харин ч эрүүл мэндэд илүү их эрсдэлтэй. Тиймээс хооллолтын  хувийн зөвлөхтэй болох хэрэгтэй. Учир нь, “Тэр зумбагаар хичээллээд тураад гоё болчихсон байна, би бас явна” гээд л шийдээд явчихдаг. Гэтэл үнэндээ тэр хоёр хүний сэтгэлзүй, бие махбодь харилцан адилгүй, ялгаатай байдаг учраас тэр хэрээр хооллолт ч мөн өөр байна шүү дээ. Тиймээс бидэнтэй нэгдэн хувийн өмгөөлөгчтэй, хувийн хүүхэд асрагчтай болдог шиг таныг анхаарах хооллолтын зөвлөх дасгал хөдөлгөөн таны эрүүл мэндэд анхаарах дасгалжуулагчийг манайхаас сонгоорой,өөрийгөө олж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсэж бас уриалж байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №032/24659/ дэх дугаарын цахим сониныг  ЭНД-ээс уншина уу.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох