Цаг үе
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил үргэлжилж байна
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн хангамжийн 13 байгууллагын нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжиж байна. Үүнийг нэг нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 Г, Д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил юм.
Уг ажлыг он дамжин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ жил 25 дугаар эмийн сангаас төмөр замын BSB цахилгаан барааны дэлгүүр хүртэл дулааны шугамыг өргөтгөж байна.
Уг ажлыг “Энерго сервис монтаж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна.Энэ хүрээнд 25 дугаар эмийн сан орчимд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг ирэх сарын 15-наас өмнө хариуцсан ажлаа дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал болон иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгов.


Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг. Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм. Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн. Ингэхдээ хонгилын систем буюу туннельтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм. Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.

Цаг үе
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг маргаашнаас эхэлж зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тодруулбал, маргаашаас эхлэн хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн махыг худалдан борлуулахгүй юм байна.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Энэ үеэр нэг килограмм хонины махыг 13,000 төгрөгөөр тооцож, гулуузаар нь, савласан нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр зарах юм байна.

Цаг үе
Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулна
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүенийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал өнгөрсөн арван хоёрдугаар сард болж Монгол Улс "Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай" тогтоолыг санаачилж, Норвеги, Гана, Албани улстай хамтран зохиогчоор оролцсон.
Энэхүү тогтоолыг 2026-2027 онд хэрэгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2026 оны 220 дугаар тогтоолоор баталсан. Төлөвлөгөөний дагуу Сонгуулийн ерөнхий хороо "Нээлттэй нийгэм форум"-тай хамтран ирэх есдүгээр сарын 22-24-ний өдөр олон улсын дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Олон улсын дугуй ширээний уулзалт нь улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын шинэчлэлийн хэрэгжилтийг ахиулах зорилгоор хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах практикийг сайжруулах, институц хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, эрсдэлд суурилсан арга хандлагыг хөгжүүлэхэд чиглэнэ. Үүнийг хэрэгжүүлэхдээ практик туршлага бүхий мэргэжилтэн, хяналтын байгууллага, бодлого боловсруулагч, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын шинжээчдийн харилцан туршлага солилцоог дэмжинэ.
Тус арга хэмжээ нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 11/7 дугаар тогтоолыг бодитой хэрэгжүүлэх практик арга замуудыг хэлэлцэх, цаашдын олон улсын удирдамж болон хэрэгжилтийн хэрэгслүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх талбар болохын зэрэгцээ Азийн шинэчлэлд чиглэсэн улс орнуудыг бодит алхам хийхэд сайн туршлага болох ач холбогдолтой.
Уг арга хэмжээг зохион байгуулахад Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/, Транспэрэнс Интернэшнл, Нээлттэй засгийн түншлэл /Open government partnership/ зэрэг олон улсын байгууллага дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, Австрали, Канад, Норвеги, Англи, Япон, Молдав, Индонез, Өмнөд Африк, Өмнөд Солонгос зэрэг 20 гаруй улс оролцох юм.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ыг уг арга хэмжээнд оролцохыг урьж, санал солилцсон юм. UNODC-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүен Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын тогтоолын ач холбогдлыг онцлоод олон улсын уулзалтад оролцохоо илэрхийллээ.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, гадаад харилцаа хариуцсан референт Б.Уянга болон "Нээлттэй нийгэм форум"-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нар оролцов.
Цаг үе
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугам (Яармаг, Арцатаас Өнөр хороолол) -ын барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПOMA группийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр
"Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлууд,
Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх хоёрдугаар шугамыг 2.7 км урт, 3 буудал, 13 тулгуур багана, 74 кабинтай барих ТЭЗҮ-ийг үндсэн зээлийн санхүүжилтээр эхлүүлэх боломж,
Хоёрдугаар шугамыг үндсэн зээлийн үлдэгдэл болон IFC (Олон улсын санхүүгийн корпорац) зэрэг олон улсын байгууллагын санхүүжилттэй хосолсон холимог санхүүжилтээр хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлээс түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын дүүжин замын тээвэр төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. “Дүүжин замын тээвэр” төслийн Яармаг, Арцатаас Өнөр хороолол хүртэлх нэгдүгээр шугамыг ирэх есдүгээр сараас туршиж, арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оруулна. Дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотод автобуснаас өөр анхны нийтийн тээврийн хэрэгсэл болж баригдаж байгаа онцлогтой. Төслийн хоёрдугаар шугамыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд барихаар эхний байдлаар бэлтгэж байна” гэв.

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын ажлыг Францын ПOMA групп болон “Моннис инженеринг” ХХК, "Цагаан уран хийц" ХХК хамтран гүйцэтгэж, төслийн явц 76 хувьд хүрээд байна.
“Дүүжин замын тээвэр” төслийн нэг, хоёрдугаар шугамыг хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх, олон төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.
