Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба-д талархаж буйг уламжлахыг хүслээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ. 

Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, уг зээлийн санхүүжилтээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа нотлов.

Мөн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болсон. Энэ хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллах нь чухал ач холбогдолтойг онцлоод Ерөнхий сайдын дэргэд Монгол, Японы бизнесийн зөвлөл байгуулахаар төлөвлөснөө тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анхны түүхэн айлчлал хийх гэж буйд Монгол Улсын Засгийн газар нэн чухал ач холбогдол өгч байгааг онцоллоо. Элчин сайд М.Игавахара Эрхэм дээдэс нарын айлчлал манай хоёр улсын найрсаг харилцаа, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. 

Талууд  Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, цаашид уг түншлэлийн “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр”-ийн бодит хэрэгжилтийг хангаж, нягт хамтран ажиллахад санал нэгдлээ.  Энэ хүрээнд түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, иргэд хоорондын солилцоог хөхиүлэн дэмжих талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт нэгдмэл зорилгын төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй сэтлэх, ногоон байгууламжийг устгах, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барих зэрэг зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Хүннү 2222 хорооллын автобусны буудлын баруун талд “Хангилцаг” ХХК дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан бол “Номин Реалтор” ХХК эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж буй. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ Хүннү 2222 хорооллын автобусны буудлаас баруун тийш 320 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэсэн. Тиймээс өнгөрсөн долоодугаар сарын 31-нд НХШГ-аас ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр давтан хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгжийн зүгээс ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд мод тарина гэлээ.

Харин “Номин Реалтор” ХХК-ийн хувьд Хүннү 2222 хорооллын автобусны буудлын урд талд өөрийн эзэмшлийн газраасаа 2-3 метр зайд хашаагаа сунгаж, хэтрүүлэн барьсан. Иймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглан, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан хашааг чөлөөлж, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн юм. Гэвч мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй юм.

 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хувийн аж ахуйн нэгжүүд кадастрынхаа дагуу барилгын ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн зам талбайг хумьж, явган хүн зорчиход хүндрэлтэй болгож болохгүй. Иймд “Номин Реалтор” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гаргуулна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэдгийг мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж байна

Огноо:

,

Усны тухай хуулиийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулж байна. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/07 дугаартай удирдамжийн дагуу ус, рашаан ашиглалт болон усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Тус оны эхний хагас жилийн байдлаар 151 объектод хяналт шалгалт явуулж, усыг зохих зөвшөөрөл, гэрээгүй ашигласан, хуульд заасан ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй 89 зөрчил дутагдлыг арилгуулан, 27 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж усны нөөцөд учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулан ажилласан

Мөн салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/08 дугаартай удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх байгууламж болон ахуйн бохир усны бага оврын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усны стандартын шаардлагыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно.

Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдлийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн тулгын гурван бодлогыг баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо. Энэ хүрээнд амьдрах орчныг стандартын түвшинд хүргэхийн зэрэгцээ ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга, чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах шалгуурыг төрийн худалдан авалтын бодлогод тусгана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг, дасан зохицсон ажлын байр бий болгосон байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болохоор зорьж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зам, талбай, тээвэр, дэд бүтцийн байгууламж, цахим үйлчилгээний хүртээмжийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөвтэй уялдуулна. Улсын төсвөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд нийцүүлж сайжруулна. Төрийн худалдан авалтын шаардлагад ч энэ талаар тусгах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд татварын бодлогоор дэмжих хөнгөлөлт, зохицуулалтыг татварын реформд тусгахаар төлөвлөжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хөгжлийн хоцрогдол, сонсгол, хараа хөдөлгөөний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгээ хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох