Улстөр нийгэм
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу Монгол Улс нь өвөрмөц онцлогтоо нийцсэн олон хэвшил бүхий эдийн засгийг бий болгохын зэрэгцээ эрчим хүчний салбарт өсөлт, либералчлал хийх асуудлыг тусгасан. Энэ хүрээнд эрчим хүчний томоохон төслүүдийг эхлүүлж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох шаардлага бий болж байгаа ч эдгээр төслийг эхлүүлэх худалдан авалт, хөрөнгө оруулалтын найдвартай эх үүсвэрийг бий болгох зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн болохыг С.Бямбацогт сайд танилцуулав.
Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний төслийг сонгон шалгаруулах нөхцөлийг тодорхой зааж, эрчим хүч нийлүүлэх үнэ, хэмжээ, эрчим хүчний эх үүсвэрийг барих, өмчлөлийг төрд шилжүүлэхтэй холбоотой харилцааг шалгуур үзүүлэлт болгон тогтоох замаар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай байгаа гэлээ. Иймд эрчим хүчийг либералчлах бодлогыг нэвтрүүлж, эрчим хүчний томоохон төслүүдийг яаралтай эхлүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагын хүрээнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй уялдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар эрчим хүчийг либералчлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ба эрчим хүчний төслийг эрчим хүч нийлүүлэх үнэ, эрчим хүчний эх үүсвэрийг төрд нийлүүлэх хугацаа, нийлүүлэх хэмжээ зэргээс хамаарч сонгон шалгаруулах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн төсөл сонгон шалгаруулалтыг санхүүгийн хувьд бүрэн бололцоотой оролцогчдыг үнэлэх замаар хэрэгжүүлэх тул эрчим хүчний гацсан олон төслийг хөдөлгөх бодитой нөлөөлөл үзүүлэх аж. Улмаар Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийг хөдөлгөх суурь нөхцөл болж, цаашид улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх ба үүнийг дагаа ажлыг байр нэмэгдэх, иргэдийн ая тухтай амьдрал хангагдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Урлаг спорт2020/05/20
“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаандаа оролцоорой!
-
Цаг үе2020/04/06
Дэлхийн банк, ОУВС-ийн Зүүн өмнөд азийн бүс нутгийн гишүүн орнуудын цахим уулзал...
-
Цаг үе2024/11/25
Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд з...
-
Улстөр нийгэм2020/10/12
Шадар сайд Я.Содбаатар Өмнөговь аймагт ажиллав
