Цаг үе
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 17-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 17-ны 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
-
Цаг үе2020/09/28
Дохионы хэл заах, дохионы хэлээр дуу дуулах аргачлалыг заалаа
-
Улстөр нийгэм2025/04/21
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа
-
Улстөр нийгэм2024/12/09
ТББХ: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт о...
-
Цаг үе2020/05/22
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
