Цаг үе
Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны эхний хагас жилд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг 7 аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийсэн. Энэхүү хяналт шалгалтыг үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн Улаанбаатар хотын 6 дүүргийн 10 орчим ЕБС-д явуулж байгаа бөгөөд МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Лицей сургууль болон 47-р сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж эхэлжээ.
Тодруулбал, сургуулиудын гал тогооны хэрэгсэлд нян, бактерийн шинжилгээ, хоолны шим тэжээл, орчны эрүүл ахуйн байдал нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж ажилласан байна.
Түүнчлэн Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг 7 аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтаар сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрсэн төдийгүй тогооч нар нь ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн хоолны шим тэжээлийн байдлын хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл 10 хувь хэтэрсэн, сургуулийн хүүхдийн хоолны шим тэжээлийн байдал 35 хувь дутуу дүн гарсан байна. Тиймээс хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч ажиллах, илэрсэн зөрчил дутагдлаа арилгах зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллажээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хяналт шалгалтыг шат дараатай зохион байгуулан, стандартын хэрэгжилтийг сайжруулах бодлогын түвшинд үр дүнтэй арга хэмжээ авахыг анхааруулсаар байгаа юм.
Цаг үе
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Цаг үе
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан.
Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ.
Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй.
Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.
НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.
Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаг үе
Цахим орчинд танилцсан эмэгтэйтэй уулзахаар очих үед нь бүлэглэн дээрэмджээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлагыг энэ сарын 23-нд цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тодруулбал,Нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнийн 02:00 цагт уулзахаар очиход 4 этгээд бүлэглэн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна.
Тус хэргийг СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж хэргийг үйлдсэн 14-15 насны 4 этгээдийг олж тогтоожээ. Иймд цахим орчинд үл таних хүнтэй харилцаа тогтоож, уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Улстөр нийгэм2023/03/02
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн түншлэлийг ахиулах тух...
-
Цаг үе2022/12/23
Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, тусгай зөвшөөрлийн чиглэлээр с...
-
Улстөр нийгэм2020/01/31
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ
-
Цаг үе2019/09/02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
