Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Огноо:

,

Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их уншья” уриатай “Номын баяр”-ыг 37 дахь удаагаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг 5 болон 9 дүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэдэг юм.

Номын баяр нь ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой.

Баярын үеэр номын үзэсгэлэн, монголын болон дэлхийн шилдэг ном, бүтээлийн худалдаа, шинэ номын нээлт, зохиолч-уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг-борлуулалтын уулзалт,  “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг үйл ажиллагаа болно.

Дэлхий нийтэд, тэр дундаа манай улсад сөргөөр нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтлын улмаас устах аюулд орсон амьтдын нэг нь Алтайн өвөр говьд амьдардаг мазаалай баавгай юм.

50 гаруйхан тоо толгой үлдээд байгаа мазаалайг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ удаагийн баярт Ерөнхийлөгчийн Тамгын газар “Үндэсний бахархалт амьтан мазаалай” сэдвээр оролцоно.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр болон байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй төслийн үр дүнгийн талаар нийтэд мэдээлэл, зөвлөгөө, өгөхөөр төлөвлөж байна.

 

Баярын үеэр НЗДТГ “Номын грант” шагналаа нийслэлийн хүүхэд, залуусын дунд номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ном, бүтээлүүдийг олны хүртээл болгож сурталчлан таниулсан, хотын хөгжлийн төлөө туурвисан бүтээл зэргийг шалгуур болгож 3 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.

“Номын сайн нөхөр” уралдааны хүрээнд “Шилдэг ном”, “Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг уншигч-насанд хүрэгч”, “Шилдэг номын сан”, “Шилдэг уншигч хүүхэд” (Ахлах, дунд, бага анги), “Шилдэг уншигч анги”-ийг тодруулна.

Хүүхдүүдийн дунд номын тэмдэглэл хөтлөх, зурагт хуудас, подкаст бэлтгэх болон уншлагын аян зарлаж, шалгарсан хүүхдүүдийг ч урамшуулах болжээ. Мөн “Д.Нацагдорж” тэмдэгтэн хүүхдүүдийг шалгаруулна.

Номын баяр жилээс жилд өргөжин тэлж,дунджаар 300,000 гаруй уншигч ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог.

Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцох юм.

“Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

Огноо:

,

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.

Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.  

Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“УИХ-ын цом 2025” спортын тэмцээн эхэллээ

Огноо:

,

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “УИХ-ын цом 2025” шилжин явах цомын төлөөх тэмцээн энэ сарын 24-ний өдөр эхэлсэн байна.

Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын ажилтан, албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо 2025 онд зохион байгуулж байна. Тэмцээн таван төрлөөр явагдах бөгөөд нийт 13 байгууллагын 600 орчим тамирчин оролцож байна.

Тэмцээнд оролцож буй байгууллагуудын баг, тамирчид шатар, ширээний теннис, буудлага, волейбол, сагсан бөмбөг гэсэн таван төрлийн спортоор хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

Тэмцээнийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нээж, Улсын Их Хурлын гишүүд, тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдлагууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Огноо:

,

БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болж байна.

Уг фестивальд “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчилж байна.

Мөн Бээжин, Бангкок, Жакарта, Вьентьян, Веллингтон, Хаккайдо, Лима зэрэг 10 хотын 110 гаруй уран бүтээлчид оролцож, өөрсдийн улс, үндэстний соёл, урлагийг сурталчилж байгаа нь онцлог юм.

Ташрамд, Улаанбаатар болон Сөүл хотууд 1995 онд анх найрсаг харилцаа тогтоосон түүхтэй юм. Энэ онд хоёр хотын  ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой  энэ жил тохиож байна. Хоёр хот соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа билээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох