Цаг үе
Жонбук мужийн Боловсролын газрын даргыг хахууль авсан хэргээр шалгаж эхэлжээ
БНСУ-ын Жонбук мужийн Цагдаагийн газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус мужийн Боловсролын газрын дарга Со Гео Сок-ийг хахууль авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тэрээр 2022 оны дөрөвдүгээр сард уг албан тушаалд нэр дэвших үедээ хүүхдээ боловсролын хяналтын мэргэжилтнээр томилуулах нэгэн багшийн хүсэлтийн хариуд хахууль авсан гэж буруутгагдаж байгаа юм. Түүнийг нийт 12 сая воны (30,2 сая төгрөг) хахууль бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан болохыг цагдаа нар тогтоогоод байна.
Цагдаагийн байгууллагаас “Бид нотлох баримт цуглуулах болон мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэх шатандаа явж байгаа тул хэргийн талаар тодорхой тайлбар өгөх боломжгүй” гэж мэдэгдэв. Тайланд дурдсанаар Боловсролын газрын дарга Сок-д хахууль өгсөн багшийн эцэг, эх “Яагаад амлалтаа биелүүлэхгүй байгаа юм бэ” гэж хэд хэдэн удаа хандаж байсан бөгөөд энэ тухай ярианы бичлэг цагдаагийн байгууллагад очсон гэж таамаглаж байна.
Энэ талаар Боловсролын газрын дарга Сок “Би хэзээ ч авлига авч байгаагүй”, “Энэ бол хорлон гүтгэх кампанит ажил” гэж мэдэгджээ. Мөн тэрээр мэдээлэгчийг олж тогтоох болон “Хилс хэрэгт буруутгасан мэдээлэгчийг шүүхэд өгнө” гэсэн юм.
Гэхдээ мөрдөн байцаалтын явцаас шалтгаалаад ойрын хугацаанд Боловсролын газрын дарга Сок-ийг дуудаж байцаалт авах эсвэл албадан мөрдөн байцаалтад хамруулах магадлалтай байна. Өмнө нь тэрээр Жонбук их сургуулийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа хамт ажилладаг профессороо хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж, шүүхээс 5 сая воны торгууль ногдуулж байжээ.
Дээд шүүх хэргийг хэлэлцэх суудлын хуваарилалт хийсэн бөгөөд шүүх хурлыг сунжруулахгүй явуулах төлөвтэй байна. Боловсролын газрын дарга Сок-ийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдсон дарамт шахалт нэмэгдсээр байна.
Эх сурвалж: https://www.jmbc.co.kr
Цаг үе
Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Цаг үе
Усны ослоор 59 хүн амь насаа алджээ
Он гарсаар наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 68 удаагийн усны ослын дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал, нийслэлийн 9 дүүрэг, 25 аймгийн 35 суманд усны ослын дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр ослын улмаас 59 хүн амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна.
Гол, усанд осолдсон шалтгаан нөхцөлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарчээ. Харин бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг орчимд тоглож байгаад осолдсон тохиолдол хамгийн их байна.
Иймд иргэд, аялагчдыг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Цаг үе
Гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд танилцах аяллаар эх орондоо иржээ
Монгол Улсаас гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул болон холбогдох шинжээчид, Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна.
“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Эх оронтойгоо танилцах аялал” нь Монгол Улсаас гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдэд төрөлх улсынхаа соёл, зан заншилтай танилцах, холбогдох байгууллагуудтай уулзаж санал хүсэлтээ илэрхийлэх боломж олгодог юм.
Энэ удаагийн аяллын оролцогчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочилж, боловсрол, мэргэжил, ажил, амьдрал, амьдарч буй улс орон, ойрын болон ирээдүйн зорилгынхоо талаар ярилцжээ. Мөн үрчлэлтийн ач холбогдол, үр дүнгийн талаар санал бодлоо хуваалцсан байна.
Уулзалтын үеэр хүүхдүүд Монгол Улсын сайн сайхан байдлыг дэлхий нийтэд таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул УИХ-ын 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дотоод, гадаад хүүхэд үрчлэлтийн шийдвэрийг гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэхээр тусгажээ. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөл ажиллахаар болсон байна.
Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үрчлэлтийн мэдээллийн сан бүрдүүлж ашиглах, Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэн, гэр бүл хүүхдийн хөгжлийн тайланг 18 нас хүртэл нь хагас жил тутамд холбогдох байгууллагаар дамжуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлэх зохицуулалт тусжээ.
“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлд талархалтай байгаагаа илэрхийлж, хуулийн хэрэгжилтийг хангахад улс орнуудад хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцан хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжилсан байна.
-
Цаг үе2023/01/24
БНЧУ-д богино хугацааны зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
-
Шударга мэдээ2020/11/25
Томск хотын захирагчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ
-
Шударга мэдээ2025/10/24
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
-
Цаг үе2021/08/26
Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ
