Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 02-нд нутгийн баруун хэсгээр, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээрр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 2 хэмийн дулаанаа 3 хэм хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 03-наас 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3, 6-нд нутгийн зарим газраар, 4-нд говь, талын нутгаар, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаарна.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
-
Цаг үе2023/08/15
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
-
Урлаг спорт2020/12/30
Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
-
Улстөр нийгэм2022/05/06
СЗХ: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна
-
Улстөр нийгэм2021/12/31
"Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолыг баталлаа
