Шударга мэдээ
Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина гэв
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, тус газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, барилгын нөхцөл байдлын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Энэ үеэр “Ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд болон холбогдох албаны хүмүүст өргөн барина” гэдгээ НИТХ-ын тэргүүлэгч, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэлсэн юм.

Мөн "Урт цагаан" гэж нэрлэгддэг Нийслэлийн өмчийн гуравдугаар байр нь 1958 онд анх баригдсанаасаа хойш нэг ч удаа их засвар үйлчилгээнд оролгүй өнөөдрийг хүрсэн. Энэ обьектын үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн дүгнэлт гарсан гэдгийг албаныхан онцолж хэллээ. Түүнчлэн “Барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог” гэв.

Энэ барилгыг 30 иргэн, аж ахуйн нэгж нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэдгээр түрээслэгчид цааш нь 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжид өөрсдийн талбайгаа дам түрээсэлдэг байна.

Тэгвэл 2020 онд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, түрээсийн гэрээг сунгахгүй байх, түрээслэгч нартай төлбөр тооцоо нийлж баталгаажуулах, шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх, Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хуучин барилгын концесс, Төр хувийн хэвшлийн түншлэл эсхүл хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэн “Урт цагаан”-ы гудамжны үйл ажиллагааг зогсоох саналыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа аж.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2025/01/14
Төлөвлөгөөт хяналтаар 25 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
-
Улстөр нийгэм2023/01/09
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2024/12/18
АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тала...
-
Цаг үе2020/04/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
