Улстөр нийгэм
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл долоодугаар сард ашиглалтад орно
БНХАУ-ын 328 сая юанийн буцалтгүй тусламжаар барьж байгаа “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл 2025 оны барилгын ажлын төлөвлөгөө, гэрээний хугацаанд заасны дагуу долоодугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн нийт хэрэгжилт 80 орчим хувьтай явагдаж байна.
Төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзоригоос тодрууллаа.
Тэрээр, Энэхүү төсөл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7-р хороолол, 9-р хорооны нутаг дэвсгэр Ногоон нуур орчим, хотын төв цэгээс 1.4 км зайд байрлаж байна.
Тус барилга нь цутгамал төмөр бетон, зоорьтой 21 давхар 8 блок, 84,833м2 орон сууцны төсөл юм. Мөн нэгдсэн 2 дулаан авто зогсоолтой.
Барилга угсралтын ажлыг 2022 оны зургаадугаар сард эхлүүлсэн. Давхартаа 49.95, 55.04мкв хоёр өрөө бүхий 6 айл, нийт 1008 айлын орон сууц амьдрах цогцолбор хэлбэрээр баригдаж байгаагаараа онцлогтой.
Барилгын ажил эхлэхэд хөрсний ус ихтэй байсан учраас 19 цооног өрөмдөж, хөрсний усаа хийсэн. Ингэснээр, зарим байруудын зоорины давхар нь үер усанд автдаг бол энэ асуудлыг бүрэн шийдсэн” гэлээ.
Хорооллын доторх авто зам, ил далд авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол баригдаж байна. 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдах юм. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр “Ногоон нуур 1008 айлын төсөл хэрэгжүүлэх нэгж” тус тус ажиллаж байна гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Улстөр нийгэм
Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна
Улстөр нийгэм
COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний уулзалт болон “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ.
“Санхүүжилтийн өдөр”-ийн хөтөлбөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрөх юм.
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалт нээлтээ хийж, газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаар сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк, санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно.
Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын амьжиргааны уялдааг Resilient Threads хэлэлцүүлгээр авч үзэх бол Fashion4Land Forum-аар ноос, байгалийн ширхэгт материал, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох боломжийг хэлэлцэнэ.
Уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтын асуудлыг Mining Forum-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын Rangelands Flagship Initiative санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ.
Өндөр түвшний хэлэлцүүлгүүдээр газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг авч үзэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, “Ногоон хэрэм” төслийн 20 жилийн туршлага-ыг танилцуулна.
Мөн уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийн уялдааг харуулах Folklore4Land арга хэмжээ болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
