Улстөр нийгэм
Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороонд халиа тошин үүссэн байршлуудад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд есөн хорооны 15 байршилд халиа тошин үүсээд байна.

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас эхний ээлжид тухайн байршилд амьдардаг иргэдийн зорчих хөдөлгөөн, орц гарцыг нээх ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер үүрэг болголоо. Нарангийн энгэр орчимд 2-3 байнгын урсацтай булаг, шанд байдаг бөгөөд 2019 оноос эхлэн зун нь их хэмжээний үер буух, өвөл нь халиа тошин үүсэх болсон.

Мөн тус дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалаа орчимд халиа тошин үүссэн байршилд 18 айл хүнд нөхцөлд оршин сууж байна. Тухайн байршилд 2018 оноос хойш халиа тошин идэвхжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуны бороо болон энэ өвөл цаг агаар төдийлөн хүйтрэхгүй байгаатай холбоотойгоор халиа тошин өмнөх жилүүдээс их хэмжээгээр үүсээд байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны халиа тошин үүссэн байршилд мөсөөр далан босгох, шуудуу татах, иргэдийн зорчих гарцыг нээх ажлыг хийж байгааг тус дүүргийн менежер Д.Баярсайхан хэллээ. Эдгээр халиа тошин үүссэн байршилд нийслэл, дүүрэг, хороодоос арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах, явганы хүн гарц гаргах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг тухайн байршлуудад жил бүр шуудуу татаж, мөсийг арилгаж шат дараалсан арга хэмжээ авдаг боловч энэ жил нөхцөл байдал илүү хүндэрсэн учраас халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Улстөр нийгэм
Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна
Улстөр нийгэм
COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний уулзалт болон “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ.
“Санхүүжилтийн өдөр”-ийн хөтөлбөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрөх юм.
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалт нээлтээ хийж, газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаар сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк, санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно.
Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын амьжиргааны уялдааг Resilient Threads хэлэлцүүлгээр авч үзэх бол Fashion4Land Forum-аар ноос, байгалийн ширхэгт материал, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох боломжийг хэлэлцэнэ.
Уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтын асуудлыг Mining Forum-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын Rangelands Flagship Initiative санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ.
Өндөр түвшний хэлэлцүүлгүүдээр газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг авч үзэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, “Ногоон хэрэм” төслийн 20 жилийн туршлага-ыг танилцуулна.
Мөн уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийн уялдааг харуулах Folklore4Land арга хэмжээ болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
-
Урлаг спорт2021/07/09
"ДээлтэйМонголChallenge" уралдааныг зарлаж байна
-
Улстөр нийгэм2021/03/18
ЗГ: PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур авах хөрөнгийг нөөц сангаас гар...
-
Үзэл бодол2019/09/13
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэвшилд даатгалаараа хийлгэх асу...
-
Шударга мэдээ2021/10/22
16-17 насны 26477 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ
