Улстөр нийгэм
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар болон Шуурхай штабт ажиллаж байна.
Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн нөхцөл байдал, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн нөхөн хангалт 89.9 хувьтай байна. Аймгийн хэмжээнд 2024 онд 56 удаагийн гамшгийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 180 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж байгууллагын 689 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 2023 онтой харьцуулахад 42.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Түүнчлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт аймгийн хэмжээнд нийт 728 алба хаагч хамрагдаж, хангалттай дүгнэгдсэн.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2024-2025 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт 89.9 хувьтай хангагджээ.
Тодруулбал,
-Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 540 хувь
-Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 89.5 хувь
-Малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл хангалт 80.7 хувьтай байна.
Отрын бүс нутагт гурван аймгийн 147.0 мянган толгой мал өвөлжүүлэхээр тогтсон. 2025 оны 1-р сарын 08-ны өдрийн байдлаар отроор өвөлжиж байгаа гадны аймаг сумдын малчин байхгүй байна.
Гоц халдварт хонины цэцэг, бог малын мялзангийн тандалт судалгааг зургаан идэвхтэй ба идэвхгүй хэлбэрээр зохион байгуулсан. Тандалтанд эрсдэлтэй бүс нутгийн нийт 463 хот айлыг хамруулсан ба 16 мянга гаруй толгой малд эрүүл мэндийн ерөнхий үзлэг хийсэн байна. Тандалтаар хонины цэцэг, бог малын мялзангийн сэжиг таамаг илрээгүй. Мөн шүлхий, үхрийн арьс товруутах, богийн мялзан, хонины цэцэг зэрэг 4 төрлийн гоц халдварт өвчний эрт илрүүлгийн үзлэг, тандалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 120 өрхийн 13 мянга гаруй толгой малыг хамруулсан ба сэжиг илрээгүй тайван статустай байна.
Маллах отрын бүс нутагт 3 сумын 147.0 мянган толгой мал өвөлжүүлэхээр тогтсон. 2025 оны нэгдүгээр сарын 08-ний өдрийн байдлаар отроор өвөлжиж байгаа гаднын аймаг сумдын малчин байхгүй байна.
2025 оны нэгдүгээр сарын байдлаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт 79 Хоршооны 220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Улстөр нийгэм
С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, тус зөвлөлийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, шүүх болон шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг тусгасан. Үүнээс хойш 2022 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Шүүхийн багц хуулиудын ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлаар батлуулж байснаа дурдаад тухайн үед хэлэлцүүлэг тасралтгүй 17 цаг үргэлжилж, хамгийн удаан хуралдаж, Шүүхийн багц хуулиудыг хэлэлцэн баталж байсныг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагууд тус тусын чиг үүргээ хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хамтран ажиллах нь чухал. Төрийн эрх мэдэл ард түмнээс эх ундаргатай. Тиймдээ ч төрийн мөн чанар нь ард иргэдийн итгэлийг хүлээсэн байхад оршино хэмээлээ.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаас хойш таван жил өнгөрч буй учраас Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийж, нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа нэн даруй Улсын Их Хуралд ирүүлэх, Хууль зүйн байнгын хороо хамтран ажиллах шаардлагатай гэлээ. Энэ хүрээнд шүүхийн шинэтгэлийн асуудал нь дан ганц шүүх эрх мэдлийн асуудал бус, энэ шинэтгэлийг гүнзгийрүүлэх, бататгахад Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн байгууллагууд ямар оролцоотой байх нь 2024 онд батлагдсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгагдсаныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа дурдав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, ажиллах орчин, эрх зүйн орчны шинэтгэлийн үр дүн, тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Улсын Их Хурлын дарга болон уулзалтад оролцсон гишүүдийн асуултад хариулт өгч, нээлттэй санал солилцлоо.
Энэ үеэр Шүүхийн багц хууль хэрэгжсэнээс хойш ажиглагдаж буй ахиц дэвшлийг тодотгож байв. Тухайлбал, хэрэг хуваарилалтыг гаднын нөлөөгүйгээр шийдвэрлэж, иргэдийн оролцоог хангаж, шүүх хурлыг дуу, дүрсний бичлэгтэйгээр олон нийтэд хүргэдэг болсон, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар тойм бичиж нээлттэйгээр байршуулдаг болсноос гадна дагнасан шүүх тэр дундаа хялбар ажиллагааны шүүх байгуулагдсанаар бага үнийн дүнтэй хэргүүдийг шийдвэрлэх хугацааны хурд нэмэгдсэн зэрэг ахиц, дэвшил гарсан байна.

Харин цаашдаа шүүхийн үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох, шүүхийн үйлчилгээний орчин нөхцөлийг эргэн харж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд хийх зэрэг тулгамдсан асуудлууд байгааг танилцуулж байлаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 4 шүүх түрээсийн байранд, 3 шүүх байргүй, 4 шүүх, прокурорын байгууллагатай хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн хуульд хэрэг хянан шалгах ажиллагааны цахим платформыг үүсгэх тухай тусгасан ч кибер аюулгүй байдлыг хангах дата төвийг байгуулахтай холбоотой эрх зүйн зарим зохицуулалт дутагдаж байгааг хөндөв.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, шүүхийн шинэтгэлийг бататган бэхжүүлэхэд парламентын түвшинд юуг анхаарах, хэрэгжилтийг хариуцаж байгаагийн Шүүхийн ерөнхий зөвлөл юунд төвлөрөх талаар байр суурь сонсох, ойлголцол бий болгох нь энэхүү уулзалтын ач холбогдол болохыг тэмдэглэсэн. Мөн шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ тайлагнал, хариуцлагын зохистой тэнцвэрийг бий болгоход чиглэгдсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөлөл дутуу байгааг Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч шийдвэрлэх болно хэмээгээд Улсын Их Хурлын даргын хувьд шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхэд шаардлагатай эрх зүйн бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, явган хүний замын засвар, тохижилт, ногоон байгууламжийн арчилгаа, гадна орчны угаалга болон хаяг, хаягийн байгууламжийг стандартад нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар есөн дүүрэгт хэрэгжиж буй хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлуудын хэрэгжилтэд хяналт тавих комисс дүүргүүдэд ажиллаж байна. Шалгалтын явцад ногоон байгууламжийн арчилгаатай холбоотой нийтлэг зөрчил илэрч байна. Эдгээр асуудлыг холбогдох албаныхантай газар дээр нь шуурхай шийдвэрлэж байна. Мөн явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байрлуулах зөрчлийг арилгуулж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад анхаарч байна. Ногоон байгууламжид тамхины иш хаях, явган хүний зам дээр автомашин байрлуулах зэрэг зөрчил түгээмэл гарч байна. Иймд иргэн бүр ухамсартай байж, дүүргийнхээ бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Манай дүүргийн хувьд илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр долоон удаагийн захирамж, шийдвэр гарсан. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган хүний замын засвар, нөхөн сэргээлтийн ажлуудыг дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албанд шилжүүлж, хэрэгжилтийг эхлүүлээд байна. Түүнчлэн гэр хороолол болон орон сууцны хорооллын дундах авто замын эвдрэл, гэмтлийг засварлах, нөхөөс хийх ажлыг баруун бүсийн зам арчлалтын компани хариуцан ажиллаж байна. Мөн дүүргийн 43 хорооны хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай дахь хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлагийн засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн гэр хорооллын шороон замыг засварлах, насжилт өндөртэй мод, бутыг шинэчлэх, шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.
Улстөр нийгэм
ЗГ: “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй.
Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.
“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд мэдэгдлээ.
