Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Огноо:

,

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Шинэ он гарах баярт агшныг сэтгэл догдлон хүлээн суугаа Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. 

Улиран одож буй 2024 он Монгол Улс болон дэлхий дахинаа онцлог үйл явдлаар дүүрэн өндөрлөж байна. Дэлхийн олон оронд парламентын сонгууль болж, парламентат ёс, ардчиллын хөгжилд ололт, сорилтын аль алиныг үлдээлээ.

Монголчууд бид Улсын Их Хурлын болон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулиа амжилттай зохион байгуулж, эрх зүйт ёс, ардчиллын төлөө байгаагаа олон улсад дахин нотлон харуулснаараа бахархах учиртай.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор Та бүхэн анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ.

Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлэг, салбарын төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь Та бидний хамтын ололт, амжилт юм. Энэ үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Олон нийтийн өргөн хэлэлцүүлэг, улс төрийн намуудын удаа дараагийн нээлттэй зөвшилцөл зэрэг олон талт механизмыг ашиглан энэхүү дэвшилд хүрч чадсан. Нийгмийн зөвшилцөл, ойлголцол бол Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд чухал зарчим мөн гэдгийг онцлон тэмдэглэе.

Энэ удаагийн парламентын үнэт зүйл мөн үүнд чиглэж байна. Улсын Их Хурал ирэх дөрвөн жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа. Тиймээс цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуулийг цаг алдалгүй, чанартай баталдаг болох, хууль ба журмын заагийг тодорхойлж зохистой харьцааг хангах, хуулийн биелэлтэд тавих хяналтыг тогтмолжуулах, парламентын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зэрэг олон чухал ажил биднийг хүлээж байна. Үүний гол зорилго бол хуулийн дор хүн бүр эрх тэгш байхад оршино.

Эх орон, элэг нэгт Монголчууд аа,

Манай ард түмэн амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн ерөөдөг билээ. Шинэ оныг угтах мөчид хүн бүр өөдрөг сайхан хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, гэрэл гэгээгээр дүүрэн байдаг нь энэ баярын гайхамшиг юм.

Та бүхний ерөөл биелж, хүн бүр эрүүл энх байж, хүүхэд багачууд элбэрэл хайраар бялхаж, өргөө гэр нь аз жаргалаар дүүрэн, ажил үйлс нь амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе. Айлчлан ирж буй 2025 оны шинэ жилийн баярын мэндийг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өнөөдөр Аугаа их Ялалтын баярын өдөр

Огноо:

,

Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Ялалтын баярын 80 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Тус дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр тэр үеийн ЗХУ-ын дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэжээ. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан Адольф Гитлерийн армийн цахилгаан дайны төлөвлөгөө Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.

НҮБ-ын шийдвэрээр дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон энэ өдөр Орос улсад хүн төрөлхтний түүхийн хамгийн аймшигт дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодорхойгүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ л өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр гэж хүндэтгэн тэмдэглэдэг.

1945 оны тавдугаар сарын 9. Монголчуудын хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж, эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс, тэдний дунд цусаа урсган, эрэлхэгээр тулалдаж, тэмцэж асан Монгол угсаатан олон зуун охид, хөвгүүдийн гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!  

 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.

Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан. 

“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. 

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.  Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Төслийн нөлөөллийн бүс дэх  иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн,  бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа. 

Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох