Улстөр нийгэм
Баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаан энэ сарын 24-нд болж тус хорооны ажлын албаны ажиллах журам, үндэсний хорооноос ойрын хугацаанд яаралтай хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж холбогдох яамдаас санал авах ажлыг зохион байгуулж байна.
Мөн үндэсний хорооны гишүүн байгууллагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдааныг 2025 оны эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэж байгаа тул дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Эдгээр асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм. Утаа, түлш зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцох, эдгээртэй холбоотой шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгууллаа. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийх юм.
Мөн нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос эрдэмтдийн зөвлөлийг байгуулж шийдлийг танилцуулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, автомашинаас агаарын чанарт үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, Евро-5 шатахууны талаар, дулаалгын шийдлүүд зэрэг тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна.
“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах туршилт хийж, туршилтын дээжийг гадаад орны итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэх ажлыг зохион байгуулах,
Яндангүй бүсийн хил хязгаарыг тогтоож, хийн болон давхар шаталтат зууханд хамруулах айл өрхийн тоо, зураглалыг гаргаж дэд бүтцийн бэлтгэл ажлыг яаралтай эхлүүлэх,
Сургуулийн амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшингийн дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч, галлагааны горимыг баримталж, угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлэг тараах,
Улаанбаатар хотын 2019-2020 онтой харьцуулсан хэмжилтээр агаарын бохирдол ихэссэн шалтгаан нөхцөлийг тодорхойлох ажлын хүрээнд шахмал түлшний барьцалдуулагч, мидлингэд шилжилгээ хийж, дүгнэлт гаргах,
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах ажлыг зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
