Цаг үе
Б.Батсайхан: 996 иргэний 2,1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг хянаж байна
Татварын ерөнхий газраас өнөөдөр /2020.01.29/ НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, и баримт системийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Хүрэлчулуун, Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан, Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг нар оролцлоо.
НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого сайжирч, НӨАТ-аас улсын төсөвт төвлөрөх орлого жил бүр өсч байна. Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189,9 тэрбум төгрөг буюу 21,1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530,0 тэрбум төгрөг буюу 94,3 хувиар тус тус нэмэгдсэн байна. НӨАТ-ын төрлөөр 2016-2019 онд улсын төсөвт нийт 3’279.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.
Монголын татварын алба Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1-д заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд / энэ удаа 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг хуучин хуулийн дагуу жилд нэг удаа олгохоор ажиллаж байна/ албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох ажлыг дөрөв дэхь удаагаа зохион байгуулж байна. Цаашдаа НӨАТ-ын хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр улирал тутам олгодог болно .
Ийнхүү буцаан олголтыг олгохдоо НӨАТ-ын тухай хуулийн
15.3.Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно гэсэн заалтад үндэслэдэг. Үүнд:
15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
15.3.2.худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
Мөн энэ хуулинд албан татвар төлөгчийг НӨАТ-ын тухай хуулийн “5 дугаар зүйлийн 5.1-д Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.” хэмээн тодорхойлсон байдаг.
НӨАТ-ын тухай хуулийн дээрхи зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар баталсан байдаг. Энэхүү журмын 3.2-т “Татварын ерөнхий газар: Татвар төлөгч-н худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь НӨАТ-ын тухай хуулийн 5.1-д заасан нөхцөл шаардлага хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож, хяналт тавьна.” гэж заасан байдаг. Түүнчлэн 3.2.1-т НӨАТ-ын тухай хуулийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд албан татварын буцаан олголтыг хүчингүй болгоно гэж заасан байдаг.
Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911,707 иргэний 146,1 тэрбум төгрөгний буцаан олголт олгохоор байна. Нийт буцаан олголт авах иргэдийн 359,170 иргэний 14,9 тэрбум төгрөгний буцаан олголтод эрсдэл тооцсноос 996 иргэнд 2,1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна. Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны операторуудаас нэг иргэн өдөрт 8392 баримт буюу 346 сая төгрөгийн баримт шивсэн, шатахуун импортлагч аж ахуйн нэгжээс нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгний баримтыг оруулсан тохиолдол байна.
Хянагдах төлөвт байгаа иргэдийн буцаан олголтын дүн шалгагдаад, шалгуур хангаж байгаа тохиолдолд хуучин үнийн дүнгээр олгогдох тул иргэд системийн ачааллыг тооцон хүлээж байхыг сануулая.
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Улстөр нийгэм2025/05/06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ...
-
Цаг үе2023/10/31
АНУ-ын Потомакийн их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
-
Цаг үе2025/10/14
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис ...
-
Цаг үе2025/07/04
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
