Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн хэлснийг бид онцгой анхаарах ёстой.

Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Бид хэзээ ч мартаж болохгүй.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна.

Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж “Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилго”-ыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна.

Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна.

Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна.

Эрхэм хурлын дарга аа,

НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Тиймээс Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.

Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Огноо:

,

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

хүндэтгэлийн хуралдаан.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Screenshot 2026-11-04 at 14.18.19.jpg

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна. 

2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Огноо:

,

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ. 

Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Улстөр нийгэм2026/11/05

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Улстөр нийгэм2026/11/05

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Улстөр нийгэм2026/11/05

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Улстөр нийгэм2026/11/05

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Улстөр нийгэм2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Улстөр нийгэм2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Цаг үе2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Санал болгох