Улстөр нийгэм
БНСУ-д Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд дараагийн ажилдаа орсон байх ёстой
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг энэ сарын 23-26-ны өдрүүдэд БНСУ-д ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд тус улсын нийслэл Сөүл хотын өмнөд хэсгийг хариуцсан Хөдөлмөр, халамжийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ бүс нутагт 1.3 сая хүн амьдардаг.
Ёндунпу дүүргийн Хөдөлмөр, халамжийн төвөөр өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг байна. Сүүлийн үед иргэд биеэр ирж, үйлчлүүлэх нь ховор болсон бөгөөд тус төв нийт үйлчилгээнийхээ 90 хувийг цахимаар үзүүлдэг болжээ.
Мөн хөдөлмөр, халамжийн байцаагчийн зарим ажлыг “Виртуал хөтлөгч” хийх болсон байна. Жишээ нь, тэтгэвэр тогтоолгохын тулд заавал байцаагчтай холбогдох шаардлагагүй бөгөөд “Виртуал хөтлөгч” хэрэгтэй бүх мэдээллийг бэлтгэж өгдөг гэнэ. Энэ мэт технологийн хөгжлийг Солонгос улс төрийн үйлчилгээндээ түгээмэл ашигладаг.
Манай улсад ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас гарсан даруйд өгдөг бол Солонгос улсад энэ тэтгэмжийг авахын тулд дараагийн ажилдаа орсон байх шаардлагыг тавьдаг. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ тухайн хүний идэвх, санаачилгыг илүүд үздэг ажээ. Мөн тухайн иргэн ажил хайгчийн цалин гэж авдаг гэнэ. Энэ цалинг авахын тулд ажлаас гарахаас өмнө 18 сар, үүнээс 180 өдрөөс дээш хоног тасралтгүй шимтгэл төлсөн байх ба аж ахуйн нэгжийн эдийн засгийн хямрал зэргээс хамаарч ажлаас халагдсан ч дахин идэвхтэй ажил хайж, дараагийн ажилдаа орсон хүнд олгоно гэж заажээ. Тодруулбал, өөрийн буруугаас ажлаас халагдсан, ажил идэвхтэй хайхгүй, дараагийн ажилдаа орохгүй бол цалин, тэтгэмжийг авах боломжгүй юм.
Ажил хайж байгаа хүмүүст юуны түрүүнд сэтгэлзүйн болоод, ажил мэргэжлийн ур чадвар сайжруулах олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Харин тэтгэмж, тэтгэврийг дараа нь олгодог.
Манай улсын хувьд халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд Солонгос улсын энэ загвараас судлах, нутагшуулах зүйл их байгаа тухай Ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Үзэл бодол2022/06/08
У.Хүрэлсүх: Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үн...
-
Цаг үе2019/10/25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Шударга мэдээ2019/10/15
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх “Нээлт...
-
Цаг үе2023/08/02
"Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023" наадмын хөтөлбөр...
