Улстөр нийгэм
Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэв
Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов.
Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна.
Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Шударга мэдээ2023/09/14
Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг эцэслэн баталлаа
-
Цаг үе2026/03/04
“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг ...
-
Үзэл бодол2020/07/20
Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажилл...
-
Цаг үе2024/05/02
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа...
