Цаг үе
Төрийн банк "Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын цахим платформ"-ыг нэвтрүүлээ
Төрийн банк 2021 оноос эхлэн Дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгөхөөр Инкубатор төвийг байгуулан ажиллаж байгаа билээ.
Тус Инкубатор төв нь бизнес эрхлэгчдэд санхүүгийн асуудлаа зөв тодорхойлох, бизнес санаагаа бодитой байдлаар бататгах, боломжит хэрэглэгчээ танин мэдэх, хөрөнгө оруулалтаа оновчтой удирдаж, эрсдэлээс бизнесээ сэргийлэх сургалтыг тогтмол явуулсаар ирсэн. Төрийн банк Санхүү эдийн засгийн их сургуультай хамтран бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын цар хүрээгээ өргөжүүлэн “АНХАН ШАТ”-ны онлайн сургалтын платформыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зах зээлд нэвтрүүллээ.
Сургалтад хамрагдан, хичээлийн агуулгын хүрээнд шалгалт өгч тэнцсэн харилцагчид Өрхийн бизнесийн зээл, Гарааны бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл болон Гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүнээс өөрт тохирсон зээлийг судлуулан авах боломжтой болно.
Цахим платформыг хөгжүүлснээр бизнес эрхлэгчдийн цаг завыг хэмнэх ач холбогдолтой төдийгүй Монгол орны өнцөг булан бүрд байх харилцагчид орон зайнаас үл хамааран ижил түвшний мэдлэг олж аван үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжоор хангагдаж байгаагаараа давуу талтай юм. Мөн цаашид Улаанбаатар хот, орон нутагт байгаа харилцагч, зээлдэгч нарын санхүү, бизнес, энтрепренершипийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, сургалтын түвшнээс хамаарч тэдний эрхэлж буй бизнест бодитой дэмжлэг, үр дүн үзүүлэхэд чиглэсэн ахисан түвшний сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү платформ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, санхүүгийн зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй бүх бизнес эрхлэгчдэд нээлттэй байна. Харилцагч та цахим сургалтад ЭНД дарж хамрагдан, өөрийн бизнесийн онцлогт тохирсон зээлээ шийдвэрлүүлээрэй.
Цаг үе
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.
Цаг үе
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.
Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 3-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 23-25 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 03-наас
2026 оны наймдугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв болон говийн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 05-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
-
Улстөр нийгэм2020/11/24
УИХ-ын Түр хороо, ажлын хэсгийн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2022/04/15
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
-
Цаг үе2023/02/07
Т.Аюурсайханг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалаа
-
Цаг үе2025/08/25
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогссон тээврийн хэрэгслүүдэд шалг...
