Цаг үе
“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллаж эхэллээ
“Нарантуул” захын зүүн хойно байрлах иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” нь захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд архидан согтуурах, тэнэмэл иргэд ихтэй, орчны нөхцөл байдал хүнд байсан.
Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр Хотын дарга Х.Нямбаатар энэ сарын 7-нд тус байршилд очиж ажилласан. Ажлын үр дүнд өнөөдөр тус байршилд цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Мөн орчны нөхцөл байдлыг сайжруулсан байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” захын зүүн хойд хаалга дээр бид ажиллаж байна. Есдүгээр сарын 7-нд Хотын дарга энд ирж ажиллахдаа иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулсан хэсэгт хэв журмыг сахиулах үүрэг өгсөн. Үүний дагуу нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас цагдаагийн постыг богино хугацаанд барьж, орчны байдлыг аюулгүй бөгөөд эмх цэгцтэй болгосон байна. Эмх цэгцтэй, хэв журамтай, аюулгүй хот байлгахын төлөө хотын зүгээс үргэлжлүүлэн ажлууд төлөвлөж байгаа” хэмээлээ.

Харин “Мангасын ам”-ын орчмын байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэхүү цагдаагийн пост нь нэмэх болон хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц юм. Нийслэлийн Засаг даргаас богино хугацаанд хөрөнгийг шийдэж өглөө. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан орчныг тохижуулах, ойр орчмын том хашаануудыг зөөвөрлөх хөрөнгийг шийдвэрлэж богино хугацаанд үр дүнтэй ажлуудыг хийлээ. Энэ хавийн нөхцөл маш хүнд. “Нарантуул” захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд явган хүний зорчих хөдөлгөөн автомашинтай хамт явдаг учраас түгжрэл ихтэй. Ойр орчимд архидан согтуурах болон тэнэмэл хүмүүс олноор ирдэг. Үүнийг дүгнэж үзээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газраас зохион байгуулалтын арга хэмжээ авч, 30 гаруй хүнийг Гачууртад эмчилгээнд хамрууллаа. Цаашид ч ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энд ажиллах найман албан хаагчийг томилсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулах ажлуудыг хийж шаардлага бий. Гэхдээ үүнийг төр дангаараа хийх бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” гэв. Иргэдийн зүгээс олон жил хүнд нөхцөл байдалтай байсан газар ийнхүү цагдаагийн пост байгуулж, орчныг тохижуулсанд талархалтай хандаж буйг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар хэллээ. Түүнчлэн “Мангасын ам”-наас зүүн тийш чиглэлтэй замын нөхцөл байдлыг сайжруулахын тулд замын трассыг баталсан. Удахгүй газар чөлөөлөлтийн ажлыг хийнэ. Дахин төлөвлөлт нэрийдлээр барьсан стандартын бус замбараагүй барилгуудыг ойрын хугацаанд цэгцлэх ажлыг эхлүүлсэн тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлсэн юм.
Цаг үе
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг үе
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

-
Улстөр нийгэм2025/01/09
УИХ: Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2021/07/19
Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна
-
Улстөр нийгэм2023/05/01
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилна
-
Цаг үе2025/09/03
Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн парад /шууд/
