Цаг үе
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэнэ
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажил өнөөдөр эхэлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын сайд П.Наранбаяр оролцож, боловсруулах багаас хүлээж буй дараах өөрчлөлтүүдийг онцлов.
Үүнд:
1. Унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд минутын уншлагыг эргэн харж, хүүхдийн сэтгэхүйд тохирсон, утга зохиолд хөтөлсөн, сэтгэлгээг задалсан сурах бичгийг боловсруулан, унших бичгийг сэргээх,
2. Дэвшилтэт технологи, цахим ертөнц хөгжиж буй энэ үед хүүхдийн бүтээлч сэтгэхүйг дэмжихийн тулд шинэ сурах бичгүүдийг интерактив буюу мэдээлэл технологитой хорших боломжтой болгох,
3. Гэрийн даалгавар, хичээлийн ачааллыг бууруулах, хүүхдэд алдах, алдаанаасаа суралцах эрхийг нь олгох үүднээс балын харандаагаар бичүүлж, хичээнгүй бичигт зарцуулах цагийг багасгаж, бүтээлч ажлын цагийг нэмэгдүүлэх,
4. Хүүхэд сургууль дээрээ хичээлийн бус цагаар сууж, давтлага хийдэг байдлыг халахад чиглэсэн агуулгаар сургалтын хөтөлбөр, сурах бичиг, дасгал ажлын дэвтрийг боловсруулах хэрэгтэй,
5. Англи хэл сургалтын үндсэн гадаад хэл болсон. Гадаад хэл сурч байгааг мэдрэхгүйгээр сурах нь хамгийн сайн арга бөгөөд давталт хамгийн чухал. Бага насны хүүхэд нэг хүүхэлдэйн киног олон давтан үзэж чаддаг. Энэ онцлогт нь тохируулсан сурах бичгүүд боловсруулах нь чухал гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Цаг үе
Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33 настай А нарыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернет банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болох нь тогтоогдсон юм.

Уг этгээдүүд нь хаус, орон сууц, ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Тус хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэд Та бүхэн зохиомол, хуурамч нөхцөл байдалд авталгүй өөрийн мөнгийг бусдад шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийсэн тохиолдолд интернет банкинд нэвтэрч шалгах, хуурамч мөнгөн дэвсгэрт эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Цаг үе
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэрээ 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлээ харилцан нотлов.
Энэ хүрээнд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө байгааг онцоллоо.
Монгол Улс, АНУ-ын харилцаанд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын усны хангамж 80 хувиар нэмэгдэх хоёр дахь Компакт гэрээ онцгой байр суурь эзэлдгийг талууд тэмдэглээд, уг төсөл амжилттай хэрэгжиж энэ оны 3 дугаар сард дуусгавар болж байгаатай холбогдуулан цаашид манай улсын стратегийн ач холбогдолтой салбарт дахин шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц, бололцооны талаар санал солилцов.
Цаг үе
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна
Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл "Их наяд" болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг, есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж буй. Энэ үеэр ЖДҮ эрхлэгчдээс мэдээлэл тодрууллаа.

Хөвсгөл аймгийн ЖДҮ эрхлэгч Б.Отгон-Өлзий “Манайх "Амар байна уу" үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож байна. Анх варень үйлдвэрлэж эхэлж байсан бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, ааруул, аарц, өрөм, хайлмаг зэрэг цагаан идээгээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмсэн. Чихэртэй, чихэргүй 10 төрлийн ааруул зарж байна. Сүүлийн 10 хоногт борлуулалт эрс нэмэгдсэн. Сар шинийн баяр дөхөж байгаа болохоор тавгийн ааруул их авч байна. Нийслэлээс дэмжиж, лангууны түрээс төлөхгүй байгаа учраас иргэдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр санал болгож байна. Мөн бүтээгдэхүүн худалдан авч буй иргэдийн сэтгэгдэл эерэг байна. Гадуур түрээсийн төлбөртэй үзэсгэлэнгүүдийн бараа өндөр үнэтэй байна гэж худалдан авагчид хэлж байгаа. Ийм боломж олгосон нийслэлийн Засаг даргын Тамгын газарт талархаж байна” гэв.

Архангай аймгийн Хотонт сумын ЖДҮ эрхлэгч Т.Батзаяа “Бид энэ үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож, нутгийнхаа сайхан айргийг зарж байна. Нэг литр айраг 9000 төгрөг, ихээр авбал 8000 төгрөг. Ирэх жил ч мөн энэ үзэсгэлэнд дахин оролцоно. Сар шинийн баяр дөхөж байгаа учраас хөл хөдөлгөөн ихэссэн, худалдан авалт сайн байна. Өмнөх жилүүдэд манайхаас айраг авч байсан хүмүүс дахин ирж худалдан авалт хийж байгаад баяртай байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн ЖДҮ эрхлэгч Б.Баянжаргал “Манайх сарлагийн шар тостой хэвийн боов үйлдвэрлэдэг. Энэ жил “Амар байна уу” үзэсгэлэнд гурав дахь удаагаа оролцож байна. Хэвийн боовоос гадна ааруул, цагаан идээ борлуулж байгаа. Ул боов 9000 төгрөг, тахилын боов 4500 төгрөг, тавгийн идээний ааруул 40 мянган төгрөг, бусад ааруулаа 35 мянган төгрөгөөр худалдаалж байна. Түрээсгүй зогсож байгаа учраас үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. Бусад газарт түрээс төлж бүтээгдэхүүнээ борлуулахад зардал өндөр байдаг. Жил бүр ЖДҮ эрхлэгчдэд түрээсгүй зогсох боломж олгодогт баярлалаа” гэсэн юм.
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид иргэдийн худалдан авалт, борлуулалт нэмэгдсэн гэдгийг онцолж байна. Үзэсгэлэн нээгдээд удаагүй байх үед борлуулалт дундаж түвшинд байсан бол сүүлийн 10 хоногт эрэлт огцом өсжээ.









НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
