Цаг үе
Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна
Иргэдийн эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай хоёр орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал тус хорооны 34, 35 дугаар байрны 96 айлын нийт 400 орчим иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн амьдрах нөхцөлгүй, нурах эрсдэлтэй орчинд амьдарч байсан нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд өнгөрсөн онд тус хоёр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн дөрвөн блок бүрэн тохижилттой, тоглоомын болон чийрэгжүүлэх талбай, ногоон байгууламж бүхий 580 айлын орон сууцны барилгын ажлыг ‘’Мөнх ариун булаг” ХХК гүйцэтгэж эхэлсэн билээ. Ташрамд, эхний хоёр блок буюу 290 айлын орон сууцыг энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж, гадна фасад болон дотор заслын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгч компани ажиллаж байна гэж Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээллээ.

Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
-
Шударга мэдээ2023/01/18
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 31 гэрч дуудсан байна
-
Цаг үе2020/02/17
Амны хаалтыг зөв хэрэглэх заавар
-
Улстөр нийгэм2025/06/23
Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг...
-
Шударга мэдээ2019/07/26
Цэнхэр дуулгатнууд хүүхэд багачуудад зориулан “Спорт цогцолбор”-ыг с...
