Улстөр нийгэм
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлнө
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурапд өргөн мэдүүлсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороод 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуулийн төсөлд бүрэн тусгасан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хурапдаан даргалагчаас өгсний дагуу 5.1 дэх хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.” гэж, мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.” гэж. 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна.” гэж тус тус өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэний дагуу төслийн 5.6 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд гуравны хоёрын саналаар дахин санал хурааж дэмжээгүй болно.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлгийн үеэр санал хураалгахаар нээлттэй үлдээсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулж буйг санал, дүгнэлтэд дурдсан юм.
Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тэтгэврийн зээлтэй 230.000 орчим иргэнийг хамааруулж шийдвэр гаргахаар зохицуулалт туссан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн саналаар тэтгэвэр авдаг нийт 421.000 ахмадын 194.000 нь орхигдох эрсдэл байгаа учир тэдгээрийг орхигдуулахгүйгээр хамруулах шийдвэрийг төсөлд нэмж тусгасан талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол тайлбарлалаа. Төслүүдийг хэлэлцүүлэгт боловсруулах ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн төлөөлөл оролцсон, мөн бие даагчдын санал ч төсөлд туссан гэдгийг тэрбээр онцлоод зөвшилцлийн хүрээнд шийдвэр гаргахаар ажилласан гэдгээ онцолсон юм. Төсөлд тэтгэврийн зээлтэй 230.000 ахмадын асуудлыг шийдэхээр тусгасан байсныг өөрчилж 421.000 ахмадыг бүрэн хамруулах, нас барсан иргэдийн тэтгэврийн зээлийн өрийг дуусгавар болгох, мөн дахин тэтгэврийн зээл олгохооргүй болгосон байсныг хэлэлцүүлгийн явцад өөрчлөн 6 сар хүртэлх хугацаагаар иргэн зээлээ барьцаалж тэтгэвэр авч болохоор өөрчилсөн нь ихээхэн чухал ач холбогдолтой өөрчлөлтүүд болж байгаа хэмээн Д.Оюунхорол гишүүн тайлбарлаж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь дэмжиж, хууль батлагдав.
Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувийн дэмжлэгээр хууль батлагдлаа. Ингэснээр иргэд жилд нэг удаа 6 сараас илүүгүй хугацаагаар тэтгэвэрийн зээл авах бололцоо нээгдэж байгаа юм.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
