Цаг үе
Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ
Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны байдлаар ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан.
Сүүлийн хоёр сарын байдлаар хил дээрээс буцаагдсан иргэдийн тоог авч үзвэл, БНХАУ-ын 246, БНСУ-ын 86 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан.
Мөн хяналт шалгалтаар Монгол Улсад улсад аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон 6 орны 116 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан. Тухайлбал, Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 178 дугаар тогтоолоор Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах БНСУ-ын иргэдийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн. Энэ нь зөвхөн жуулчлах, аялж амрах зориулалтаар олгож буй визийн хөнгөлөлттэй нөхцөл хэдий ч хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр эмчилгээ, оношилгоо, мэс ажилбар хийх зөрчил их гаргаж байна. Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, хуулиар ногдуулсан ажлын байрны төлбөр төлөх, мөн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл авч зорилгодоо нийцсэн зохих ангиллын визээр орж ирэх ёстой.
Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу холбогдох зөвшөөрлийг авч, зорилгод нь нийцсэн визээр урихыг Гадаадын иргэн, харьяатын газраас зөвлөж байна.
Цаг үе
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.
Цаг үе
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.
Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 3-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 23-25 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 03-наас
2026 оны наймдугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв болон говийн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 05-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
-
Цаг үе2020/01/24
Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ
-
Улстөр нийгэм2025/03/27
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2026/01/15
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна
-
Улстөр нийгэм2023/10/23
40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалт хийлээ
