Цаг үе
Вьетнам улсын шингэн хүнсний магнат найман жилийн хорих ял сонслоо
Вьетнам улсын шингэн хүнсний магнат Тран Куи Тан нь 2019 болон 2020 онд хөрөнгө оруулагчдыгаа 40 сая доллароор залилсан хэрэгт буруутгагдаж өнгөрөгч пүрэв гарагт найман жилийн хорих ял сонслоо.
Хо Ши Мин хотын шүүх Тран Куи Тан болон мөн түүний хоёр охиныг 2019, 2020 онд хөрөнгө оруулагчдадаа зээл олгох замаар тэднийг залилсан хэрэгт буруутай гэж үзжээ.
Тэрбээр 71 настай, Тан Хиеп Фат группийн (савтай цай, энергийн ундаагаараа алдартай Вьетнамын хамгийн том шингэн хүнс үйлдвэрлэгчдийн нэг) үүсгэн байгуулагч бөгөөд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг залилах үйл ажиллагаа хийсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Зээлдэгч нар зээлсэн мөнгөө хүүтэй нь эргүүлэн төлсөн ч гэрээгээ зөрчсөн гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар Тан барьцаалсан хөрөнгүүдийг буцааж өгөхөөс татгалздаг байсан.
Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын орлогч Таны 43 настай охин Тран Уен Фуонг-д шүүхээс дөрвөн жилийн хорих ял, 40 настай бага охин Тран Нгок Бич-д гурван жилийн хорих ялыг тус тус оноожээ.
Шүүхийн өмнө Тан болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэлжээ. Мөн тэрээр "Надад өршөөл үзүүлж, нийгэмд эргэн ирж ажлаа үргэлжлүүлэх боломжийг надад олгоосой” хэмээн хүслээ.
Тус улсын авлигыг устгах кампанит ажлын хүрээнд 4400 гаруй хүн эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаагийн дотор төрийн албан тушаалтнууд болон томоохон бизнес эрхлэгчид байлаа.
Эх сурвалж: https://www.aljazeera.com
Цаг үе
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.
Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.
Цаг үе
Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө
Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.
Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.
Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.
Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.
Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.
Цаг үе
“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анхаарууллаа
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн шатахуун худалдах зар, мэдээллийн үнэн зөвийг нягталж, танихгүй хүн болон баталгаагүй данс руу урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн гарал үүсэл, чанар, стандарт нь тодорхойгүй шатахуун автомашины хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Шатахууны чанар, октаны тоо нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул баталгаагүй эх үүсвэрээс шатахуун худалдан авахгүй байх нь зүйтэй.
Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хүчин чадал буурах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн ийм төрлийн шатахуун нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Иймээс шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авч, цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
-
Улстөр нийгэм2025/05/30
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн э...
-
Урлаг спорт2019/06/01
Нэрт кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ
-
Шударга мэдээ2025/09/04
Хяналтын улсын байцаагч нарын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгажээ
-
Цаг үе2024/12/19
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
