Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвд ажиллалаа.

Ерөнхийлөгч төр, засгаас ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал зэрэгт онцгой анхаарч байгааг хэлээд, удахгүй тохиох тус төвийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Ахмад настны үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм.

Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэл хатуу хучилттай зам тавих хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг 2024 оны төсөвт тусгасан байна.

2010 онд 10 хүн тутмын нэг нь ахмад настан байсан бол 2040 он гэхэд таван хүний нэг нь ахмад настан болох тооцоолол бий.

Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангаас үзвэл, ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, хүчээр авах зэргээр эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй байна.

Цаашид аймгуудад ахмадуудад зориулсан асрамжийн газар, өдөр өнжүүлэх төв байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг дэмжих, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, гэр бүл дэх сэтгэл санаа, бие махбодь, үл хайхрах хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зэргийг тусгасан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтнуудын үндсэн цалин, орон нутагт ажилласны нэмэгдлийг тодорхой хувиар нэмсэнд төвийн удирдлага, ажилтнууд талархалтай байна. Одоогоор нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутмаг байгаа тухай төвийн дарга Л.Эрдэнэхүү хэллээ.

1924 онд маршал Х.Чойбалсан санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь өнөөгийн үндэсний төвийн суурь болсон түүхтэй. 1956 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, 1967 оноос хойш одоог хүртэл Батсүмбэр сумын Баянголын аманд үйл ажиллагаа явуулж байна.

Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн 12 асрамжийн газар ажилладаг. Эдгээрт 400 гаруй ахмад настан амьдарч байна. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын 87.2 км-ийн үндсэн ажил дуусжээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр  стратегийн ач холбогдолтой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлийн далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна. Туул гол дээгүүр 476 метр, Монголын хамгийн урт төмөр замын гүүр барьж байгаа аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 ААН, 4.000 гаруй монгол инженер, ажилчин оролцож байна. Ашиглалтад орсны дараа 1,000 орчим байнгын ажлын байр бий болно. Мөн барилгын ажилд шаардлагатай бараа материал, үйлчилгээг орон нутгийн болон үндэсний бусад нийлүүлэгчээс худалдан авч байгаа хэмээлээ. 

Богд уулын урдуур явах дээрх төмөр замаар шатахуун, 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх, химийн аюултай ачаа болон станцуудын нүүрсийг тээвэрлэх юм. Эхний үед жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ. Өдөрт 316-1,800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах боломжтой бүрдэх юм. Ингэснээр гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 2 цаг авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 90 хувь буурах аж. Мөн нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулна. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Манай  Засгийн газар мухар байсан төмөр замыг Эмээлт зөрлөгтэй холбож мухардлын асуудлыг шийдвэрлэсэн. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. 2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байсан. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллана. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд талархлаа илэрхийлье. Та бүхнээр бахархаж байна” гэлээ. 

Цаашдын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Монгол Улсын Хөгжлийн банктай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Бүтээн байгуулалтын үр дүнд, 

-Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болох давуу талтай. 

-Хүн амын төвлөрлийг сааруулж, Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотуудыг барьж байгуулах үндэс суурь болно. 

-Төсөл 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай, урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. 

Ерөнхий сайд төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулах хүрээнд дараах үүрэг даалгаврыг албаныханд өглөө. 

Үүнд: 

-Төмөр замын зурвас газартай давхцаж буй иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;

-Төмөр замын зурвас газартай давхцаж байгаа цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад; 

-Нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд;

-Бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2026 оны 09 дүгээр сард багтаан туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;

-Төмөр замыг үр ашигтай ажиллуулах, Улаанбаатар хотоос логистик төвүүдийг гаргахтай холбогдуулан Хөшигийн хөндийд Тээвэр логистикийн төв байгуулах ажил эрчимжүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нарт даалгав.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Огноо:

,

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.

Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав. 

Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ. 

Үнэлгээний дүнгээр, 

-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн 

-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн 

-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй 

-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан 

-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон гишүүдийн төлөөлөл бүтээн байгуулалтын талбайн бэлэн байдал, зохион байгуулалттай танилцлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хурлын талбайн бэлтгэл, шалган нэвтрүүлэх болон шуурхай штабын зохион байгуулалт зэрэг холбогдох мэдээллүүдийг өгөв.

Хурлын талбайг өнөөдрөөс эхлэн тусгай хамгаалалтад авсан.

Зохион байгуулалтын 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох