Улстөр нийгэм
2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.

УИХ 2023 онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 хууль баталсан байна. Энэ нь нийт зургаан боть, 1409 нэгж хуудас болжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, хадгалах журмыг тогтоодог юм.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн тамгыг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна” гэж заасан байдаг.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Энэ ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэдгийг тэмдэглэлээ.
“Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар УИХ-аас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана” гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ.
Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг юм.

Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Улстөр нийгэм2025/04/10
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2021/05/31
Нийслэлд өнөөдөр явуулын 2, суурин 54 дархлаажуулалтын цэг ажиллана
-
Цаг үе2025/10/10
Итали улс “Милано-Кортина 2026” өвлийн олимпын үеэр дэлхий даяар “гал” з...
-
Үзэл бодол2021/02/20
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-наас эхлүүлнэ
