Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, Хангай нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.
2024 оны дөрөвдүгээр сарын 25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Цаг үе
Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна
Жил бүрийн 5 дугаар сарын 13-ны өдөр “Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх Дэлхийн өдөр” юм. Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос эхлэн энэ өдрийг “Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод “… тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх” хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байдаг.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байгаа бол байнгын хэвтэрт байгаа 1,700, хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 1,263 хүүхэд байна.
Хүүхдийн хөгжлийн онцлогийг зөв үнэлж, хоцрогдлыг эрт илрүүлэн, цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн цаашдын ХӨГЖИХ, СУРАЛЦАХ ЧАДВАР, НИЙГЭМШИХ БАЙДАЛ, АМЬДРАЛЫН ЧАНАРТ шууд нөлөөлдөг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Харин хоцрогдлыг хожуу илрүүлсэн тохиолдолд сурлагын хоцрогдол, зан үйлийн асуудал, нийгмийн оролцооны саад бэрхшээл нэмэгдэх эрсдэлтэй байна.
ЭРТ ИЛҮҮЛЬЕ, ЭРТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ, ЭРТ ХӨГЖҮҮЛЬЕ
Цаг үе
Гадаадын иргэн, харьяатын газар нарны цахилгаан үүсгүүр ашиглаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар цахилгаан, эрчим хүчний хэрэглээнд зориулсан нарны цахилгаан үүсгүүрийг суурилуулж, дотооддоо эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ.
Тус нарны цахилгаан үүсгүүр нь жилд дунджаар 70.9 мВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Урьдчилсан тооцоогоор энэ нь жилд 20 гаруй сая төгрөгийн бодит хэмнэлт бий болгох эдийн засгийн үр өгөөжтэй.
Ийнхүү байгууллагын цахилгаан хангамжийг төвийн эрчим хүч болон нарны цахилгаан үүсгүүр хосолсон системээр шийдвэрлэсэн нь төсвийн зардлыг бууруулахын зэрэгцээ төрийн байгууллагын үйл ажиллагаанд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи нэвтрүүлж буй чухал алхам болж байна.
Цаг үе
Монгол, Серби улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын танхимын сайд-зөвлөх Елена Предожевич, тус яамны Ази, Номхон далайн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Марич Вречер, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Б.Зоригт нар оролцов.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт эзлэх байр суурь, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулжээ. Мөн Серби улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдсэнийг дурдаад, хамтын ажиллагааны салбар, чиглэлийг тодорхойлох, хоёр улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулах, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.
Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг онцолжээ. Тухайлбал, Монгол Улс Евразийн холбооны чанар, стандартыг хангаж чадвал Серби улс Монголоос мах импортлох боломжтойг дурдсан байна. Харин Серби улс Монгол руу жимс, жимсгэнэ экспортлох боломжийг судалж байгаа аж.
Цаашид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, хамтран ажиллахаар болсон байна.
-
Цаг үе2021/08/06
Эмнэлгийн эм тариатай холбоотой иргэдийн гомдлыг 1111 тусгай дугаарт хүлээн авна...
-
Цаг үе2019/11/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2020/07/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
-
Улстөр нийгэм2021/01/06
2020 оны ХАСХОМ-ийг гаргаж, бүртгүүлэх үйл ажиллагаа эхэллээ
